Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа.
Уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар санал солилцов.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүллээ.
Чингис хаан Олон Улсын нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг. 2024 онд бид 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт тавьсан.
Хоёрдугаарт, орон нутагт гурван чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 оны долдугаар сараас есөн чиглэлд нислэг үйлддэг болсон. Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюутолгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна.
Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна” гэлээ.