Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх хүрээнд Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолыг үндэслэн төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, чадварлаг, цомхон, шат дамжлагагүй болгон Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцэд зарим өөрчлөлтийг оруулжээ.
Онцгой байдлын ерөнхий газар нь Бодлого зохицуулалт, хамтын ажиллагаа, Захиргаа, удирдлагын, Гамшгаас урьдчилан сэргийлэх, Гамшгийн шуурхай удирдлагын, Гал түймэртэй тэмцэх, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн, Санхүү, хангалт үйлчилгээний газар, Хяналт -шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс гэсэн долоон газар, нэг хэлтэстэйгээр ажиллах юм байна.
Өмнө нь ОБЕГ зургаан газар, 15 хэлтэстэйгээр ажиллаж байжээ.
ОБЕГ-ын даргын тушаалаар тус салбарт олон жил ажилласан, туршлагатай, гамшгийн удирдлагаар мэргэшсэн удирдах ажилтнуудаар газар, хэлтсийн дарга нараа томилсон аж.