Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу гуравдахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон
Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат
Дэд хурандаа Д.Оюунбат Онцгой байдлын байгууллагад 25 жил ажиллахдаа 6188 удаагийн гамшиг, осол аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 85, гал түймрийн утаажилтын бүсээс 307, аврах ажиллагаагаар 108 хүний амь нас, төр аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн 12,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч С.Хүдэрчулуун
Ахлах ахлагч С.Хүдэрчулуун нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 810 удаагийн гамшиг, ослын дуудлагаар 252 хүний амь насыг авран хамгаалж, 195 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 145 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 90 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Хасбазар
Ахлах ахлагч Д.Хасбазар нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 320 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар 750 цагийн үүрэг гүйцэтгэн, 280 гаруй удаагийн гал түймрийн дуудлага дээр тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй, гал түймрийн голомтод ажиллаж, 245 хүний амь насыг нь аварч, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч П.Энхзул
Ахлах ахлагч П.Энхзул нь Онцгой байдлын байгууллагад 2011 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж байна. Гал сөнөөгчөөр ажиллах хугацаандаа 110 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллан 170 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 2020 онд 20 удаагийн дуудлагаар 109 иргэний амь насыг авран хамгаалж, үер усанд осолдсон хоёр иргэний цогцсыг 25 метрийн гүнээс гаргасан. Үерийн эрсдэлийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 90 хоногийн үүргийг тасралтгүй амжилттай гүйцэтгэн, ард иргэдийн 380 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч У.Баатархүү
Ахлах ахлагч У.Баатархүү нь Онцгой байдлын албанд 14 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 1079 удаагийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэн, гамшигт үзэгдлийн 169 удаагийн дуудлагаар ажиллан 2458 хүний амь нас, 3500 гаруй толгой малыг цасан болон шороон шуурганд уруудахаас хамгаалсан.
Завхан аймгийн Онцгой байдлын назрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Г.Маналжав
Дэслэгч Г.Маналжав нь Онцгой байдлын байгууллагад долоо дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 2017 онд Отгонтэнгэр ууланд болсон ослын дуудлагаар далайн түвшнээс дээш 3200-3400 м өндөрт цасан нурангинд эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэдийн цогцсыг цасан нуранганаас гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 2019 онд “Ойгон нууранд” хорогдсон 143 үхрийн сэг зэмийг устгаж, төөрсөн, сураггүй болсон 12 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 иргэнийг эсэн мэнд олж, хөлдөж осгохоос урьдчилан сэргийлж ажилласан. 2020 онд нийт 21 удаагийн дуудлагаар 31 хүний амь насыг аварч, иргэдийн 120 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчидтай хамтран мананцар үүсгэгч хошуугаар шүршин ариутгах зориулалттай ариутгагч төхөөрөмжийг зохион бүтээсэн байна.