Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2019 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 удирдах бүрэлдэхүүн оролцож байгаа юм.
2019 онд Орчин цагийн Онцгой байдлын байгууллагын үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, баярын ёслолын жагсаалыг анх удаа зохион зохион байгуулсан бол албаны гамшигтай тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж, хүч хэрэгслээ шинэчилсэн амжилт бүтээлийн жил байлаа.
Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээн авч, НОБГ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олголоо.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх гэрээнд талууд гарын үсэг зураад байна. Төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэх юм.
Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2019 онд улсын хэмжээнд тохиолдсон нийт 4990 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1932 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахын зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцож байна.
1991 оноос хойш тасралтгүй 29 жил хаагдсан Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх, Олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг далайн түвшнээс дээш 2780 метр, нар тусахгүй өндөр ууланд, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, зайлуулах төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галлерейг сэргээх ажилд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах алба, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байгаа юм.
Ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг батлууллаа.
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилгоор 2019 онд Онцгой байдлын ерөнхий газраас анх удаа алба хаагчдаас мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгож эхэллээ. Ингэснээр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 774 алба хаагч мэргэшлийн зэрэгтэй болсон нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодит томоохон ажлын нэг болсон юм.
Цугларалтын үеэр удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн гэрээ, төлөвлөгөө байгуулах юм.