Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/444 дүгээр тушаалаар өчигдрөөс албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдал 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 09.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байгаа аж. Үүнд:
–Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах
–ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах
–Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах
–Шинэ жилийн баяр амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх
-Аврах, гал унтраах техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, бэлэн байдлыг хангуулах
-Пиротехникийн хэрэгсэлтэй зөв харьцах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргүүлэх
-Төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үүргийг өгчээ.