Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд боллоо.
Цэргийн тангараг өргүүлэх тухай ОБЕГ-ын даргын тушаалыг Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан. Тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох нээж эхлүүллээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян Цэргийн тангарагийг уншиж, нийт бие бүрэлдэхүүн тангарагийн үгийг давтаж хэллээ. Үүний дараа нийт бие бүрэлдэхүүн Онцгой байдлын албаны туганд хүндэтгэл үзүүлж Монгол Улсын Төрийн дуулал дуулсан юм.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын 1000 гаруй албан хаагч оролцов.
ОБЕГ-ын даргын тушаалаар өргөсөн тангарагаа давтан, Төрийн дуулал дуулах хүндэтгэлийн ажиллагааг албаны хэмжээнд сар бүрийн 15-нд зохион байгуулахаар боллоо.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдыг “Цэргийн тангараг” өргүүлэх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцож үг хэлсэн.
Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт Зэвсэгт хүчин, Хилийн ба дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллага бол цэргийн байгууллага байна гэж заачихсан. Энэ нь цаад утгаараа, Монгол Улсын цэргийн байгууллагууд нэгдмэл байх үндсийг тавьж өгсөн байгаа. Одоо хэнтэй ч маргахгүйгээр манайх бол цэргийн байгууллага гэж хэлэх итгэл дүүрэн байгаа гэдэгт та бүхэнд итгэж байна. Ингээд Монгол цэргийн тангараг өргөж, байгууллагынхаа сүлд болсон тугандаа хүндэтгэл үзүүлж байгаа албан хаагч та бүхэнд баяр хүргэе. Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсанаараа эдгээр цэргийн байгууллагууд нэгдмэл нэг дүрэм журамтай, нэгдмэл нэг эрхзүйн хэм хэмжээтэй, нэгдсэн нэг цэргийн тангарагтай байна гэдэг бол өөрөө Монгол Улсад оршин тогтнож байгаа цэргийн байгууллагууд нэгдмэл байх чухал ач холбогдлыг тодорхойлж өгч байгаа юм.
Тангараг гэдэг бол та бүхний хувьд амин чухал зүйл юм. Мөн та бүхэн хос тангарагтай болж байгаа. Онцгой байдлын албаны албан хаагчийн тангараг өргөж, онцгой байдлын албанд орно, мөн дээрээс нь цэргийн тангараг өргөж цэргийн хүн болж байгаагаараа хос тангарагтай болж байна. Эх орныхоо дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйлстээ үнэнч зүтгэхийн баталгаа болгож тангараг өргөж байгаа сайхан өдөр тохиож байна. Ингээд цэргийн байгууллагуудын нэгдмэл дүрэм, журам, нэгдмэл нэг эрх зүйн хэм хэмжээтэй цэргийн байгууллага болж байгаа Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэхийг хүсч байна.
Олон төрлийн тангараг байдаг. Үүний дотроос эх орноо батлан хамгаалахад амь бие үл хайрлана гэж өргөдөг тангараг бол ганцхан цэргийн тангараг байдаг. Үүгээрээ бусад тангарагуудаас ялгагддаг. Ийм учраас энэ сайхан өдөр цэргийн тангараг өргөж, цаашид энэхүү тангарагийг албаны хэмжээнд давтах товтой болж, үйл ажиллагаа нь улам жигдэрч байгаад миний бие баяртай байна” хэмээн хэллээ.