Асар хүнд жинтэй онгоц яагаад агаарт дүүлж, доош уначихалгүй нисдэг бол гэж өөрөөсөө асууж үзээгүй хүн байхгүй л болов уу. Хүмүүс ихэнхдээ маш өндөр тийрэлт, хурдны хүчээр онгоцыг газраас хөөрч тэр эрчээрээ агаар үүлийг зүсэн хурдалдаг гэж ойлгодог. Хэрэв тийм бол онгоц хэдий чинээ хол ниснэ, төдий чинээ хурд нь нэмэгдсээр байх ёстой болно. Тэгэхээр яг энэ зарчмаар Улаанбаатараас хөөрсөн онгоц Баян-Өлгийд хүрэхийн тулд км тутамд хурд нь нэмэгдсээр Ховд хавьцаа очиход хурд нь бараг хэдэн зуун мянган км цагийн хурдтай байх шаардлагатай болно. Тэгэхээр онгоцыг газраас хөөргөдөг гол хөдөлгөгч хүч нь зөвхөн моторын тийрэлт биш юм. Онгоцны нисэх, агаарт тогтож хөөрөх, урагшлах зэрэг нь өргөлтийн хүч, хүндийн жин, таталцал, түлхэлцлийн хүчнээс хамааралтай. Энэ дөрвөн хүч нэг нэгтэйгээ харилцан үйлчилснээс онгоц агаарт тогтож нисдэг юм байна.
Бүр энгийнээр тайлбарлавал далавч онгоцыг агаарт тогтоож байхад, мотор буюу хөдөлгүүр онгоцны хөдөлгөөнийг зохицуулна. Онгоцны далавчны дээвэр налуу байдаг учраас өөдөөс ирсэн агаар далавчийг түргэн нэвчин өнгөрдөг. Харин далавчны доод тал нь тэгш гадаргуутай учраас агаарын хүнд даралт дээш хөөрөхөд тусална. Ингэж л онгоц газарт уначихалгүй, агаарт тогтож хөөрөн нисдэг.
Тиймээс асар өндөр, галзуурам хурд хэрэггүй. Газраас хөөрөөд тодорхой өндөрт гарангуут онгоцны моторын ачаалал эрс буурч нэгэн жигд хурдаар урагшилдаг. Энэ нь зорчигчдод сонсогддог. Нэгэнт агаарт дөрвөн хүчний үйлчлэлээр тогтсон бол цааш хэрхэн нисэх, чиглэл, замаа моторын тусламжтайгаар удирдана. Онгоцыг анх хүн төрөлхтөн ашиглаж эхлэхэд “агаарыг аргадсан” тээврийн хэрэгсэл гэдэг талаас нь зарим судлаачид тайлбарлаж байсан гэдэг. Агаарыг өндөр хурдаар сөрвөл юу болохыг хүмүүс мэднэ. Харин онгоц нь яг л тэдгээр судлаачдын хэлснээр агаарыг аргадсан, эвийг нь олсон, дэлхийн татах хүч, түлхэлтийн хүч зэргийн тэнцвэрийг олсон гайхамшигтай тээврийн хэрэгсэл.
Онгоц агаарын урсгал, салхи, хар салхины үед өнөө л дөрвөн хүчээ тэнцүү мэдэрч гэмээнэ аюулыг туулан гарч ирнэ. Холын нислэг хийж байгаа олон улсын онгоцууд манай орны нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрдөг. Тийм онгоцнуудаас утаа гэмээр цагаан үүлэн зам тэнгэрт үлддэг. Үүнийг хараад зарим хүмүүс машин шиг утаа гаргадаг гэж ойлгож “Онгоцны мотор ч масло тос, бензинийг “залгидаг” байх” гэцгээдэг. Гэтэл тэр нь утаа биш уур. Нислэгийн үеэр онгоцны хөдөлгүүрээс уур гарч, хүйтэн агаарт задрахдаа цагаан мөр татуулна. Өвөл хүний амнаас уур гардагтай яг адил үзэгдэл юм.
Онгоцны хөдөлгүүрээс маш өндөр хэмийн халуун хий гадагшилдаг. Уг халуун уур нь агаартай холилдож онгоцонд өргөх хүчийг үүсгэнэ. Онгоцны хурдаас хамаарч их хэмжээний үрэлтийн хүч үүсэхэд онгоцны гадаргуунд соронзон орон үүссэнээр дэлхийн татах хүчнээс онгоцыг тусгаарлаж өгнө. Энэ үед далавчны талбайн хэмжээнээс хамаарч онгоцны давших хурд ихэснэ.
Онгоц хэдий их хурдтай байх тусам өргөх хүч ихэсдэг бол хурд нь багасахад өргөх хүч буурна. Далавчны дээгүүр урсан өнгөрөх агаарын урсгал доод талаар нь урсан өнгөрч буй агаарын урсгалаас их хурдтай байна. Ингэснээр далавчны хоёр талд даралтын зөрүү үүснэ. Гэхдээ далавчны доод талд илүү их даралт үйлчилдэг. Энэ процессийн тусламжтай л онгоц хэмээх хэрэгсэл газраас хөндийрч явдаг. Далавч зүүгээд өндөр дээрээс хүчээ авч гүйгээд нисэх оролдлого хийж байсан анхны хүмүүс энэ үйлчлэлийг мэддэггүй байсан нь туршилтыг нь нурааж байсан гэдэг шүү.