Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарсан талаар МИАТ компаниас тайлбар хийв. Онгоц хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед 60 knt орчим хурдан дээр чиглэл алдсанаас хөөрөлтийг зогсоосон юм байна.
Энэ талаар МИАТ компанийн Нислэг техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд хэлэхдээ “Нислэгийн багт олон жил ажилласан чадвартай хүмүүс багтсан байсан. Бид В737-800 агаарын хөлөгт үргэлжлүүлэн техникийн үйлчилгээ хийхээр болж, зорчигчдыг Улаанбаатар руу “Аэромонголиа” ХХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэсэн. Зорчигчдын хувьд гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Эхний 48 зорчигчид өглөө 5:45, дараагийн 42 зорчигчид 8:45 цагт хотод ирсэн.” гэлээ.
Одоо техникийн багийнхан Ховдод очсон байгаа бөгөөд хөдөлгүүрийн дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэг хийж байгаа юм байна.