Бороошиж байгаагаас үер усны осол нэмэгдэж болзошгүй байгааг ОБЕГ-аас анхааруулж байна. Долдугаар сарын 06-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 12 аймгийн 27 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 37 удаа гарч, 45 хүн амь насаа алджээ. Үүнээс 9 нь хүүхэд, 36 нь насанд хүрэгсэд байна.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооших төлөвтэй. Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.