Categories
мэдээ нийгэм

Он гарсаар нийт 119 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй зарим арга хэмжээний талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр “Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 643 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 17.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин он гарсаар 119 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Түүнчлэн улсын хэмжээнд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас их хэмжээгээр орсонтой холбоотойгоор Дорнод аймгийн Матад сум, Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутагт бог мал олноор бөөгнөрсөн. Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, алдуул малын эздийг олж тогтоох чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

Одоогийн байдлаар нийт 50 орчим эзэн нь тогтоогдоогүй мал бөөгнөрсөн байсны 12 мянга орчмыг нь эздэд нь хүлээлгэн өгөөд байна. Үүнээс гадна Дорнод аймгийн онцгой комиссын шийдвэрээр хээрийн штаб байгуулагдсан. Тус штаб нь тухайн орон нутагт байгаа малыг бүртгэлжүүлэх, дүрсжүүлэх, хайгуулд явж буй иргэдэд зөвлөгөө өгөх, чиглүүлэх үүрэг хүлээж байна.

Иймд иргэд та бүхэн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс алдуул малаа хайж байгаа бол “Эгэл малчны эрхэм хүсэл”, “Хэнтий аймгийн алдуул болон олдсон мал”, “Дорнод аймаг-Алдуул мал”, “Алдсан олдсон мал” зэрэг нэршил бүхий фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *