Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар аймгийн хэмжээнд нийт 16 удаагийн объектын гал түймрийн дуудлага иржээ.
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үзлэг шалгалтын дүнгээс харахад, цахилгааны галын аюулгүй байдал болон авто машины техникийн бэлэн байдлыг хангаагүйгээс дээрх гал түймэр гарсан байна. Цахилгааны хэт ачаалал, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл, бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан цахилгааны шугамын утаснаас шалтгаалан гарсан галын дуудлага сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Энэ нь иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас буюу мэддэг хэрнээ асуудлыг дор бүр нь шийдвэрлэдэггүйгээс галын аюул гарч байна гэдгийг хяналтын албаны байцаагч онцолж байв. Дээрх гал түймрийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тодруулбал цахилгааны хэт ачаалал, угсралтын буруугаас дөрөв, үнс нурмаас нэг, бамбар, паялникаас нэг, машин техникийн ашиглалтын буруугаас нэг, пийшин зуух яндангийн цонолтоос долоо, гадны нөлөөнөөс хоёр удаа гал түймэр гарчээ. Энэхүү гал түймрийн улмаас иргэн аж, ахуйн нэгж байгууллагад нийт 456 сая төгрөгийн хохирол учирсан байна.