Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга угсралт, дэд бүтцийн ажил эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. 2022 он гарсаар нийслэлийн хэмжээнд барилга байгууламжтай холбоотой зургаан осол бүртгэгдсэн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас үүдсэн таван осол, нэг цахилгаан шатны осол бүртгэгдсэн байна. Ослын ихэнх нь өндөр давхраас унасан осол байгаа бөгөөд барилгын ажилтнууд 4, 5, 12 давхраас унаж бэртжээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбумын цэцэрлэг барьж буй бол 50 саяыг ХАБ-д зарцуулах ёстой
Барилга угсралтын болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад ид хөдөлмөрийн насны залуучууд ажилладаг учир аюулгүй байдлаа ханган ажиллахыг санууллаа. Барилгын байгууламжийг улсын хөрөнгөөр барьж буй тохиолдолд нийт хөрөнгийнхөө 0.5 хувиас доошгүй хөрөнгийг, хувийн хэвшлийн байгууллага бүтээн байгуулалт хийж буй бол нийт хөрөнгийнхөө 1.5 хувиас доошгүйг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстойг анхаарууллаа. Жишээлбэл, 1 тэрбум төгрөгийн төсөвтэй цэцэрлэг барьж буй бол 50 саяыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой байдаг байна.
Орон сууц, нийтийн байрны тоглоомын талбайн аюулгүй байдлыг СӨХ хариуцна
Сурагчдын амралт эхэлж буй энэ үед хүүхдийн тоглоомын талбайд осол гарах тохиолдол өсөн нэмэгддэг байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэдэд зөвлөгөө зөвлөмж хүргүүлжээ. Хуульд заасны дагуу цэцэрлэгийн тоглоомын аюулгүй байдлыг цэцэрлэгийн захиргаа, орон сууц нийтийн байрны тоглоомын аюулгүй байдлыг СӨХ, ЕБС-ийн сургуулийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг сургуулийн захиргаа, гэр хорооллын тоглоомын талбайн аюулгүй байдлыг хороо, дүүргийн байгууллагууд хариуцан ажиллах хуулийн зохицуулалттай байдаг байна. Мөн Улаанбаатар хотод үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олголт хийгдсэн бөгөөд 3327 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан байгаа учир холбогдох хороо, дүүргийн засаг дарга нарт албан бичиг хүргүүлжээ.