Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 1845 удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд дэд дарга, хошууч Б.Мягмардорж, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар оролцож, мэдээлэл өгсөн юм.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд нийт 1845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ. Үүнээс 87.2 хувийг объектын гал түймэр, 12.7 хувийг эрэн хайх, аврах ажиллагаа, 0.5 хувийг ой хээрийн түймрийн дуудлага тус тус эзэлж байна.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35 хувиар өсч, объектын гал түймэр 18.6 хувиар, нийт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 3.9 хувиар тус тус буурчээ.

Мөн он гарсаар эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагаар 17 хүний амь эрсдэж, 181 иргэнийг авран хамгаалж, бэртэж гэмтсэн 11 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Түүнчлэн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг зөвлөмж тараан эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *