Баасан гарагт Оросын хяналтад байгаа Донецк мужийн Оленовка дахь цэргийн шорон дэлбэрсний улмаас Украины 40 орчим олзны цэрэг амь үрэгдсэн байна.
Украины тал дайснаа буруутгахын тулд шоронг HIMARS пуужингаар зориуд харвасан гэж Оросын тал тайлбарлажээ.
Тэдний тараасан дүрс бичлэгт эвдэрсэн орнууд, шатаж, нүүрс болсон цогцсуудыг харуулсан байна.
Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Оросын тал олзны цэргүүдийг эрүүдэн тамлаж байсан баримтаа нуухын тулд шоронг дэлбэлж, шатаасан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр пуужингаар харвасан бол цэргүүдийн цогцос дүрс бичлэгт харуулсан шиг үлдэх ёсгүй гэж тайлбарласан байна.
Оленовка тосгонд Мариуполийг хамгаалж байсан Азовын батальоны цэргүүд хоригдож байсан юм.
Украины ерөнхий прокурор Андрей Костин шоронг дэлбэлсэн үйлдлийг дайны гэмт хэрэг гэж үзээд мөрдөн шалгах болсноо мэдэгджээ.
Түүний мэдээлснээр 40 орчим олзны цэрэг алагдаж, 130 орчим нь шархадсан гэнэ.
ОХУ-ын батлан хамгаалах яам шоронг АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS пуужингаар харвасан нь “Украины талын зориуд зохион байгуулсан өдөөн хатгалга” гэж мэдэгдээд пуужингийн хэлтэрхийнүүдийг баримт болгон үзүүлжээ.
Донецкийн салан тусгаарлагчдын захиргаа дэлбэрэлт өөрийнх нь талд ямар нэг хохирол учруулаагүй гэж мэдэгдсэн бол ОХУ-ын батлан хамгаалах яам шоронгийн найман ажилтан шархадсан гэж мэдээлсэн байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк уг хэргийг Киевийн засгийн газрын нэр хүндийг гутаах зорилготой хуурамч ажиллагааны нарийн төлөвлөсөн сонгодог хэлбэр гэж нэрлэжээ.
Тэрбээр НҮБ болон бусад олон улсын байгууллагуудыг уг хэрэгт анхаарлаа хандуулахыг уриалсан байна.
Өчигдөр бас Донбассын бүс нутагт Оросын нэг цэрэг Украины олзны цэргийг хутгаар хөнгөлж байгааг харуулсан аймшигт дүрс бичлэг онлайн орчинд тарсан нь хүмүүсийг цочроосон юм.
Уг яргыг үйлдсэн этгээд нь Рамзан Кадыровын Украинд илгээсэн Чечений ангийн цэрэг болохыг тодорхойлсон байна.
Михайло Подоляк “Оросын суртал нэвтрүүлэгчид олзны цэргийг араатнууд хэрхэн эрэмдэглэж байгааг баяр хөөртэйгөөр үзүүллээ. Дэлхий нийт нэг зүйлийг ойлгох ёстой: Орос бол аллага, тамлалтаар зугаацдаг хүний махан хүнстнүүдийн орон юм. Гэхдээ алуурчдыг шийтгэлээс зайлсхийхэд дайн тус болохгүй. Бид та нарыг нэг бүрчлэн илрүүлж, шийтгэх болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: BBC, Reuters