Categories
мэдээ нийгэм

Олон улсын махны үзэсгэлэнд худалдаанд Монгол оролцоно

Иран улс энэ сарын 13-16-нд мах ба махан бүтээгдэхүүний “Meatex” хэмээх хоёр дахь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулах гэж байна.

“ИРНА” агентлагийн мэдээлснээр, энэ үзэсгэлэн худалдаанд дотоодын болон олон улсын, тухайлбал Австрали, Бельги, Бразил, Хятад, Дани, Герман, Итали, Литва, Монгол, Нидерланд, Өмнөд Солонгосын 120 гаруй компани оролцож, хамгийн сүүлийн үеийн аргаар боловсруулан бэлтгэсэн мах ба махан бүтээгдэхүүнүүд, махны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулах аж.

Лалын шашинт ихэнх орон “халал” аргаар мал, амьтныг төхөөрч, махыг нь боловсруулдаг байна. “Халал” арга гэдэг нь малыг тусгай аргаар нядалж, махыг боловсруулахыг хэлдэг аж. Тодруулбал, малын хоолойг огтолж, цусыг нь шүүх замаар нядлан, ариутгал хийдэг арга гэнэ.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь ийм аргаар боловсруулан бэлтгэсэн мах ба махан бүтээгдэхүүнүүдийг танилцуулахад чиглэсэн цорын ганц тусгай арга хэмжээ юм.

Дэлхийн “халал махны үйлдвэрлэл” 3.7 их наяд ам.доллараар, Иран улсынх 300 сая ам.доллараар хэмжигдэж байна.

“Халал” гэдэг нь “зөвшөөрөгдсөн”, “хууль ёсны” гэсэн утгатай үг бөгөөд энэ үг хэллэгийг лалын шашинт орнуудад хүнс, хувцас, банк санхүү ба аялал жуулчлал зэрэг бараг бүх салбарт ашигладаг аж.

Иран улс анхны “Meatex” үзэсгэлэн худалдааг 2016 оны 11 дүгээр сард нийслэл Тегеран хотдоо зохион байгуулж байжээ. Уг үзэсгэлэн худалдаанд дотоодын 53, гадаадын 14 компани оролцож байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *