Categories
мэдээ улс-төр

Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол Улсыг хариуцсан захирал Лоуренс Хардиг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Филиппин, Номхон далайн орнууд болон Монгол Улсыг хариуцсан захирал Лоуренс Харди, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс 2019-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцов. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах” стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээнд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар АНУ-ын талаас гурван сая ам.долларын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн юм.

Хөтөлбөрийг сайн засаглал болон иргэний нийгмийн салбарт хэрэгжүүлэх бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ил тод байдлыг дэмжих, хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэхээс гадна шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, зөвшилцлийг бий болгоход анхаарч ажиллах юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 1991 оноос хойш Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж, 240 сая ам. долларын техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна. Тус агентлагаас 2016-2021 оны хугацаанд LEAD (Leaders Advancing Democracy) хөтөлбөрийг хэрэгжүүлж, залууст иргэний боловсролын агуулга бүхий сургалт явуулах, олон улсын солилцооны хөтөлбөрт хамруулан манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *