Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудлаар Хөдөлмөрийн яам, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мейер, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын олон улсын зөвлөх Дэвид Тажман, Мооней Пруденс Жудит болон Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг, албаны бусад хүмүүс оролцсон юм
Ноён Тим Дэ Мейер уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтыг цаг гарган хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн тэрээр “Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас гаргасан албан ёсны хүсэлтийн дагуу Олон улсын Хөдөлмөрийн байгууллага 2010 оноос Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд техникийн туслалцаа үзүүлж байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо болон Үйлдвэрчний эвлэл гэсэн гурван талын оролцоотойгоор хийж байгааг бид дэмжиж байна. Манай байгууллагын зүгээс Монгол Улс олон улсад нээлттэй байх, мөн хөдөлмөрийн орчныг зах зээлийн нөхцөлд нийцүүлэх, ажлын байран дахь суурь эрхийг хангах, ажилтанд Хөдөлмөрийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх нөхцлийг хангах зэрэг чиглэлд гол анхаарал хандуулан, зөвлөгөө өгсөн” гэв. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн явц нэлээд хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд Хөдөлмөрийн яам зохих журмын дагуу хуулийн төслийг боловсруулж буйг дуулгасан. Үүнийг УИХ-аар хэлэлцэх шатанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжинэ хэмээн найдаж буйгаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалт нь Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлын нэг. Тиймээс 2012 онд Засгийн газраас Хөдөлмөрийн яамыг тусгайлан байгуулсан” хэмээгээд Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд техникийн туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувиар дэмжин ажиллах болно гэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.