Categories
мэдээ нийгэм

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Монголд анх удаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Investigative journalism dialogue” Олон улсын хурал болж байгаа билээ. Тус хурал өнөөдөр хоёр дахь өдрөө “Кемпински” зочид буудалд үргэлжилж байна.

Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол” телевиз хамтран зохион байгуулж буй тус хуралд гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Хурлын эхний өдөр буюу өчигдөр “Бие даасан, хараат бус эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн үүрэг” сэдвийн хүрээнд БНСУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Ньюстапа төв, Японы Васеда Хроникл төв болон ОУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээг товч танилцуулсан. Үүний дараа тус сэдвийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, БНСУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн сэтгүүлч Ёнг Жин Ким болон ХБНГУ-ын сэтгүүл зүйн багш, судлаач Маркус Линдеман оролцогчдын асуултад хариулсан билээ. Мөн “Монголыг эрэн сурвалжлахуй” сэдвийн хүрээнд туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тэгвэл өнөөдөр “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, зөвлөн чиглүүлэх үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ” хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа аж. Тус хурлын гол зорилго нь гадаад, дотоодын эрэн сурвалжлах сэтгүүлчид туршлага солилцож, олон улсын зөвлөх багш нар эрэн сурвалжлах арга зүйн зөвлөмж өгөх юм. Тухайлбал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бие даасан, хараат бус төв байгуулан ажиллуулж буй бусад улс орны сайн туршлага, нээлттэй мэдээллийн санг хэрхэн үүсгэх, түүнийг ашиглахын давуу тал, эрэн сурвалжлах бүтээлийг хэрхэн санхүүжүүлэх болон цахим орчинд мэдээлэл хайх, нягтлан шалгах арга барил зэрэг асуудлаар сайн туршлагаас суралцаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг сэтгүүлчдэд олгох аж. Түүнчлэн, хуралд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжлага хийх боломж ба бэрхшээлийг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *