Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн сүлжээгээр зарлагдсан бүх хүүхэд олдсон гэв

Олон нийтийн сүлжээгээр “Хүүхэд алга болсон тул олж өгч тусална уу” гэсэн зурагтай зар явдаг. Хүмүүс түүнийг цааш түгээсээр байдаг билээ. Гэтэл face­book, twittereer хайгаад байгаа хүүхдүүд аль хэдийнэ олдсон аж. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийхдээ “Сүүлийн үед хүүхэд хайж байна гэсэн зурагтай зар олон нийтийн сүлжээгээр дамждаг болсон. Жишээлбэл, есдүгээр сарын 4-нд алга болсон гэх хүүхдийг цагдаагийн алба хаагчид тэр өдрөө олоод эцэг, эхэд нь өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл 10 гаруй мянган хүн цааш түгээгээд явж байна. Олон нийтийн сүлжээгээр алга болсон гэж зарлагдсан бүх хүүхэд олдсон. Гэтэл хэдэн, сар жилээр интернэт орчинд хайж байна гэсэн зар яваад байгаа нь хүүхдэд өөрт нь эрсдэл бий болж байгаа юм. Ангийнх нь найз нөхөд тэр зарын талаар эвгүй үг хүүхдэд хэлбэл яах билээ. Цахим сүлжээгээр өөрийнх нь тухай мэдээлэл түгээд байгааг мэдсэн хүүхэд цочролд орох эрсдэлтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ талаарх мэдээллийг түгээхдээ цагдаагийн алба хаагчидтай зөвлөхийг хүсч байна” гэсэн юм. Мөн сүүлийн үед хар машинтай хүмүүс хүүхэд хулгайлах боллоо, эд эрхтэнг нь авч байна гэсэн эх сурвалжгүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эд, эрхтэнг худалдаалах зорилгоор хулгайлсан гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Facebook хуудас дээр хар машинтай хүмүүс хүүхдийг хулгайлах гэж байгаад туранхай байна гээд машины цонхоор шидсэн гэх мэдээлэл тарж байгаа. Ийм мэдээлэл түгээсэн иргэн “Манай найзын хүүхдэд ийм зүйл тохиолдлоо” гэсэн нь хүмүүст айдас төрүүлсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. Бид мэдээллийн дагуу шалгахад эх сурвалж тодорхойгүй, мэдээлэл түгээсэн иргэн нөхрийнхөө хамт ажилладаг хүний хажуу айлд хоёр сарын өмнө тохиолдсон явдлын тухай бичсэнээ хэлсэн. Цагдаагийн байгууллага энэ аман яриаг шалгаж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *