2021 оны аравдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болсон юм. Хэдхэн хоногийн өмнө болсон чуулганы он сарыг ингэж онцолж бичихийн учир нь тус арга хэмжээнд оролцсон Цагдаагийн дарга аль жараад жилийн өмнөх хуулийг Монголд яг тохирох хууль байсан юм гэсэн агуулгатай илтгэл тавьсныг тодотгож буй хэрэг юм.
Тус чуулганаар шүүх, прокурор, тагнуул, АТГ, цагдаа гээд Монголын хүчний байгууллагын бүхий л удирдлагууд Ерөнхийлөгчийн өмнө ярайтал сууж, тус бүр бодлогын илтгэл тавьжээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” хэмээх илтгэл тавихдаа “1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлал манай улсын хөрсөнд тохирсон” гэсэн агуулгатай зүйл ярьжээ. Бүр цаашилбал “1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим эрх зүйн зохицуулалт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэхэд ач холбогдолтой байсан гэдэгтэй зарим судлаачид санал нэгдсэн байдаг. Иймээс бид ч энэ асуудалд анхаарал хандуулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага үүсч байгааг тодорхойлохыг зорьсон” хэмээн сэдвээ улам гүнзгийрүүлсэн байх юм. Энэ нөхрийн бодож бэлтгэж ирсэн бодлогын илтгэлээс харвал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 1963 оныхоор болгоод сүүлийн үед батлагдсан хуулиудыг ч үүндээ тохируулан өөрчлөх бололтой.
Дээрх илтгэлтэй холбогдуулан хүний эрхийн зүтгэлтнүүд, энэ талын мэдрэмжтэй олон хүн цахим орчинд шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Уг нь цахим орчид шуугиад өнгөрөх биш, нийтээрээ эсэргүүцэн тэмцмээр сэдэв юм. Хүчний байгууллагын тэргүүн нь ингэж мэдэгдэнэ гэдэг хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан үзэл баримтлалтай улсуудад бол аль хэдийнэ ажлаасаа хусагдчихсан байгаа. Гэтэл манайд энэ сэдэв долоо хонолгүй таг дарагдчихсан, өнөө Цагдаагийн дарга хээв нэг ажлаа хийгээд сууж байхыг бодоход хууль өөрчлөх ажлаа хэдийнэ эхэлчихсэн ч явж байж мэднэ гэж хардахаар байна.
1963 онд батлагдаж, 2002 оны хуулиар хүчингүй болсон Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж ямар үзэл баримтлалтай хууль байв. Энэ хуульд хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд халдахад чиглэсэн ажиллагааг хэрхэн зохицуулсан байдаг талаар мэргэжлийн хуульчдын байр суурийг сонслоо. Энэ чиглэлийн судалгаанууд ч байдаг юм байна. Ерөнхийдөө 1963, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Хойшлуулж болшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй ажиллагааг явуулж, 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ гэсэн заалт байдаг юм байна. Энэ нь алдарт “хар баасан гариг”-ийн хэлмэгдүүлэлт, гажуудал үүсгэж байсныг 2017 оны хуулиар засаж, мөрдөгчийн бүхий л ажиллагаа прокурорын зөвшөөрлөөр хийгдэх болсон юм. “Хар баасан гариг”-ийн хэлмэгдүүлэлтэд алдар нэртэй болон энгийн маш олон хүн өртсөн гэдгийг хүмүүс хараахан мартаагүй байгаа биз ээ. Хойшлуулшгүй гэх шалтгаанаар баасан гаригийн орой хэн нэгнийг бариад шоронд хийчихдэг. 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ гэхээр маргааш, нөгөөдөр нь амралтын өдөр таардаг. Арай гэж ажлын өдөр эхэлж, прокурорт мэдэгдэх гэж бичиг цаас шидсээр байтал орой болдог гээд ямарч хяналтгүйгээр дургүй нэгнээ бүтэн 72 цаг хорьж хашраадаг байсан үзэгдэл 2017 оноос хойш л алга болсон билээ.
Үүнээс гадна 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар прокуророос зөвшөөрөл авахгүй, мөрдөгч өөрөө тогтоол гаргаад ажиллагаа явуулж болох олон тохиолдлыг зааж өгчээ. Мөрдөгч өөрөө зохиолоо бичээд, өөрөө хөгжүүлээд, өөрөө шийтгэж болох боломжийг олгож байсан хэрэг юм.
Нээлттэй нийгэм форумын захиалгаар судлаач Л.Галбаатар “Халдашгүй байх зөвшөөрлийн тогтолцоо” хэмээх бодлогын судалгааг өнгөрсөн онд хийжээ. Ингэснээр Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй байх эрхэд халдах өнөөгийн тогтолцоо оновчтой эсэх, түүний үндэслэл, зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд нийцэж буй эсэх, тэрхүү тогтолцоог хэрхэн өөрчлөх шаардлагатай талаар холбогдох дүн шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргажээ. Судалгаанаас харахад 1963 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд “… хураан авах, нэгжих, хүний биед нэгжлэг хийх, шуудан цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх ажиллагаанд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн зүгээс үндэслэл бүхий тогтоол гаргаж, түүнийг үндэслэн прокурор зөвшөөрөл өгч байна. Хойшлуулж болшгүй тохиолдолд хураан авах ба нэгжлэг хийх явдлыг прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж, энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ. Албадан саатуулах буюу цагдан хорих арга хэмжээ авахад, хураан авах буюу нэгжлэг хийж байгаа орон байр, бусад газар байсан этгээд хэрэгт холбогдол бүхий эд зүйл буюу баримт бичгийг биедээ нууж байна гэх хангалттай үндэслэл байвал тусгай тогтоол гаргахгүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний биед нэгжлэг хийж болно. Харин хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх, хүний биед үзлэг хийх, шинжилгээ хийхэд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн зүгээс прокурорын зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар хуульд зохицуулжээ” гэсэн байна. Эндээс харахад мөрдөгч онцгой эрх мэдэлтэй байгаа нь харагдаж байна. Үүний цаана хичнээн хүний нэр төр, амь нас, эд хөрөнгө хохирч үлдсэнийг хэн ч үл мэднэ.
Энэ бол ардчиллыг дарангуйлах сонгодог хууль байж. Монгол Улс ардчиллын замаар замнаад 30 гаруй жил болж байна. Гучин жил энэ нийгмийн өөрчлөлтийн хаагуур нь явсан юм гэмээр хачирхалтай зүйлийг Цагдаагийн дарга, генарал Ж.Болд онцолж байна. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний халдашгүй эрх, эрх чөлөөг тунхаглаж өгсөн. Мөн хүний эрхтэй холбоотой НҮБ болон олон улсын бүхий л гэрээ конвенци, пактуудад нэгдэн орсон байдаг. Мөн л элсэн орсон олон улсын гэрээ, пактыг чандлан мөрдөнө гэдгийг Үндсэн хуулиндаа заасан. Ж.Болд генаралын хэлснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 1963 оны үзэл баримтлал руу буцаах юм бол Үндсэн хуулиа төдийгүй Олон улсын олон конвенци, пактуудыг зөрчиж байна. Хичнээн олон жил өчнөөн олон хүний цус нулимсаар дэвтсэн хуулиуд шинэчлэгдэн сайжирсаар өнөөдрийг хүрсэн. Цаашид улам л төгс төгөлдөр рүү тэмүүлсэн өөрчлөлт хийх ёстой байтал огт эсрэг зүйл ярьж байгаа хүнээр Цагдаагийн байгууллагыг удирдуулж болохгүй. Даруйхан халж явуулах хэрэгтэй.
Цагдаагийн дарга, генарал Ж.Болдын Үндэсний зөвлөгөөн дээр тавьсан илтгэл манай цагдаагийн байгууллагын өнөөдрийн мөн чанар, үзэл баримтлал мөнөөс мөн юм. Хүчний байгууллага нь ийм бодлого баримталж байхад юун ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулах билээ. Яаж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах билээ. Ийм ноцтой зүйл төлөвлөөд илтгэл тавьж байхад парламентад байгаа гурван намын төлөөлөл, УИХ-ын гишүүд яагаад амаа хамхиад суудаг билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та үүнийг анзаарав уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та энэ муйхар даргаа даруйхан халж явуулахгүй бол Засгийн газрын бодлого хүний эрхийг хааж боосон, ардчиллаас ухарсан үзэл баримтлалыг дээдэлдэг болжээ гэж ойлгогдож байна.
Г.ГЭНДЭНДАРАМ