Categories
мэдээ цаг-үе

Олон жил гацсан том төслүүд ирэх онд амь орох нь DNN.mn

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэнээр инфляци 10 хувьд хүрнэ гэж төсөөлжээ


УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийг хэлэлцэн батална. Өөрөөр хэлбэл Монгол Улс ирэх жил хэр орлоготой байх, олсон мөнгөөрөө юу хийх, ямар бүтээн байгуулалтууд шинээр босгох, эдийн засгаа хэрхэн өөд нь татах, энэ нь нийт иргэдийн амьдралд яаж нөлөөлөх зэрэг хамгийн чухал хуулиа батлах учиртай. Ковидын дараахь эдийн засгийн хямралтай зэргэцээд өрнөсөн дайн самууны сөрөг нөлөөг Монгол төдийгүй дэлхий нийтээр амсаж байна. Бүхий л улс орон бодлогын хүүгээ нэмж, мөнгөний урсгалаа хянаж багасгаж эхэлсэн энэ үед манайх ч ижил арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Монгол банк бодлогын хүүгээөнөөдрийн байдлаар 12 хувь болгон өсгөөд байгаа. Нийт улсын инфляци 14,4 хувьтай байгаа энэ үед өргөн барьсан төсөв эдийн засагт хэр үр өгөөжтэй байх бол гэж олон хүн сонирхон харж байна.

Тэгвэл эдийн засагчид, мэргэжлийн аналитикчид 2023 оны төсвийг “тун боломжийн”гэж дүгнэж эхэлжээ. Ингэж дүгнэхэд хүргэсэн гол гол бодлогын арга хэмжээнүүд юу байв гэдгийг онцолж харья.

  • 2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцжээ. Өмнөх жилээс 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьжээ.

2. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ.

3. Ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.

4. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд хэрэгжинэ.

5. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт нэг их наяд төгрөг хэмнэнэ.

6. 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% дуусна.

7. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

8. Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө.

9. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө.

10. УБ хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-с чөлөөлнө.

11. Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ.

12. Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно.

2023 оны улсын төсөв өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц, буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэж Засгийн газар үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *