Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпын наадамд цагаан тугаа өргөх анхааруулгын цаад шалтгаанууд DNN.mn

Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА)-ын үйл ажиллагаанд “муу” дүн тавьжээ. Тодруулбал дараах зургаан зөрчлийг илрүүлж засах үүрэг өгсөн байна.

Үүнд:

lдопингийн эсрэг үндэсний дүрэм,

lэмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандарт,

lшинжилгээ мөрдөн шалгалтын олон улсын стандарт,

lүр дүнгийн удирдлагын олон улсын стандарт,

lдопингийн эсрэг боловсролын олон улсын стандарт,

lгарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх олон улсын стандарт зэргийг мөрдөж ажилладаггүй нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, допингийн шинжилгээ авахдаа олон улсын стандарт мөрддөггүй нь тогтоогджээ. Энэ байдал цаашид үргэлжилбэл Монгол Улс ирэх жилийн олимпын наадамд цагаан тугийн дор оролцохыг Олон улсын олимпын хорооноос албан ёсоор мэдэгдээд байгаа.

Энэ нь МОНАДА-д оруулсан шалгалтаар илэрсэн зөрчлүүд. Үүний цаана бөхчүүдээс допингийн шинжилгээ авахдаа авлигал нэхэж “аргалж” өгдөг нь олон эх сурвалжийн амаар батлагддаг. Энэ хэрэг гэрэл цохиж асуудал АТГ-т очиж нийслэлийн прокурорт шилжсэн ч тэгсхийгээд чимээгүй болсон. Тэгвэл допингийн шинжилгээний цаана хөшигний ард өрнөдөг үйл явцын талаар энд онцолъё.

Баяр наадамд дөрөв давсан 32 бөх допингийн шинжилгээнд хамрагддаг. Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхдөө гэрч болон хянагчийн хамт тусгайлан бэлтгэсэн өрөөнд орж саванд шээдэг. Олны нүднээс далд өрнөдөг энд л хамаг юм явагддаг байна. Тодруулбал шинжилгээнд хамрагдаж буй тамирчин тухайн өрөөнд орохдоо өөр саванд шүүс нууж ордог асуудал түгээмэл гардаг байна. Ингэхдээ хажуу дахь хянагчаа аргалаад л дуртай хүний шээсийг шинжилгээний саванд хийгээд гараад ирдэг юм байна.

Олон улсын допингийн эсрэг байгууллага “ВАДА”-гийн дүрэмд зааснаар бол “ВАДА”-гийн сургалтад хамрагдаж сертификат авсан этгээд допингийн шинжилгээнд ажиллах ёстой.

Манайд бол энэ үйл ажиллагаанд хэн дуртай нь ажиллаж бөхчүүдтэй ханцуйдаа наймаалцдаг гэнэ. “МОНАДА”-д албан ёсны сертификаттай байдаггүй аж. Допингийн шинжилгээний талаар бөхчүүд дараах байр суурийг илэрхийлж байна.

Улсын аварга О.Хангай “Би 2017 онд допингийн шинжилгээ өгсөн. Энэ үеэр нэр бүхий бөх шээсээ солих гэж оролдоод баригдсан. Тухайн бөх допингийн шинжилгээнд бүдрэх нь үү гэж харж байсан ч тийм зүйл болоогүй. Допингийн шинжилгээ авах явцыг хуулийн байгууллага хянаж байх ёстой. Түүнчлэн тухайн бөхөд өвдөг шороодсон бөх давхар хянах ёстой. Би допингийн шинжилгээнд хамрагдахад миний дээжний савны кодыг давхар хянаж зургийг нь дарж баталгаажуулаад хариу нь ирэхэд тулгаж болно. Допингийн шинжилгээг хянаж байгаа эмч болон хянагчтайгаа хуйвалдаад л шээсээ солих бүрэн боломжтой”

Улсын начин Д.Цэрэнтогтох “Намайг допингийн шинжилгээ өгч байхад хэд хэдэн зөрчил илэрч байсан. Допингийн шинжилгээ өгөхөд хянагч эмч болон гэрч л хамт байлцдаг. Дүрэм нь ийм. Гэтэл Улсын начин Ж.Ням-Эрдэнэ допингийн шинжилгээ өгөхөд хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар шинжилгээний өрөөнд орчихсон Ч.Насанбат эмчтэй уулзаад наагуур цаагуур гүйгээд байсан. Үүнийг би хоёр нүдээрээ харсан. Х.Цагаанбаатар допингийн шинжилгээний үйл ажиллагаанд орох эрхгүй хүн шүү дээ. Ямар учраас тэнд явж байсныг ойлгоогүй. Энэ бол допингийн шинжилгээ авах журмыг зөрчсөн ноцтой үйлдэл мөн. Түүнийг допингийн шинжилгээнд нөлөөлсөн гэж хардаж байгаа”

Улсын арслан Х.Мөнхбаатар “Допингийн эсрэг байгууллага төрийн наадмаар 20 жил тоглолоо. Долдугаар сарын 12-ны орой хэдэн дадлагын оюутан допингийн шинжилгээний дээж аваад л ор сураггүй алга болчихдог. Шинжилгээний дээж хаана хадгалагддаг, хэний хяналтад тээвэрлэдэг нь тодорхой биш. 40-50 хоногийн дараа шинжилгээний хариу нь ирээд л хэн нэгнийг яллаад хэн ч биш болгодог. Ийм хууль бус шинжилгээг бөхчүүд өгөх хэрэггүй. Шинжилгээ өгөхдөө 24 цагийн дотор хариугаа авах шаардлага тавих хэрэгтэй. Бүтэн сар болсон шинжилгээний хариугаар яллаж байгаа нь хууль бус”.

Өөр нэг бөх “Допингийн шинжилгээ нүднээс далд явагддаг. Үүний ард асуудалтай олон үйл явдал болдог. Энд би ганцханыг нь л онцолъё. Хэдэн тамирчин шинжилгээнд хамрагдах юм тэр тоогоор шинжилгээний сав байдаг. Өөрөөр хэлбэл, 32 бөх шинжилгээнд хамрагдахад сорьцын өрөөнд 32 сав л байх ёстой. ВАДА-гийн дүрэм ийм. Намайг шинжилгээ өгөхөд илүү сав өрөөстэй байгаа нь анхаарал татсан. Илүү савыг юунд зарцуулдаг нь ойлгомжгүй. Үүний ард шинжилгээний дээж сольдог асуудал байхыг үгүйсгэх арга байхгүй. Бөхчүүд өөр хүний шээс өвөртөлж ороод хольж сольдог явдал болж л байдаг. Допингийн хяналтын ажилтнуудтай хуйвалдаад уснаас хуурай гарах бүрэн боломжтой. Энэ асуудал АТГ-ын чихэнд хүрч шалгагдаж байсан. Эмч нартай холбоотой авлигалын асуудлыг шалгаж илрүүлээд прокурорт шилжүүлсэн ч таг чиг болсон. Өнөөх яригдаад байдаг 38 бөхийн асуудал чинь үүнтэй л холбоотой”.

Допингийн шинжилгээний талаар энэ цагт ид сайн барилдаж буй бөхчүүд ийм байр суурийг илэрхийлж байна. Түүнчлэн допингийн шинжилгээнд ажилладаг эмч нар шинжилгээний хариугаар шантаажилж мөнгө нэхдэг асуудал түгээмэл болсныг бөхчүүд дуу нэгтэй хэлж байгаа юм.

Энэ бүхнээс харахад МОНАДА допингийн шинжилгээ авахдаа Допингийн эсрэг олон улсын байгууллагын стандартыг мөрддөггүй нь нь харагдаж байна. Сүүлдээ ид сайн барилдаж байгаа бөхийг допингийн асуудалд оруулахаар заналхийлдэг болсон гэх. Энэ бүх идээ бээр нь ил гарч Монгол Улсын тамирчид олимпын наадамд цагаан туган дор жагсах дээрээ тулж ирлээ.

Дээрх асуудал өндрөө авч МОНОДА-гийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Энэ асуудлыг богино хугацаанд шалгаж, шийдвэрлэхгүй бол 2024 оны Парисын олимпын наадамд Монгол Улс цагаан тугаа өргөж ороход ойрхон байна. Олон улсын допингийн хорооны зүгээс энэ бүх завхралаа 2024 оны нэгдүгээр сар хүртэл засах хугацаа өгөөд байна. Энэ хугацаанд дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол төрийн далбаа Парисын тэнгэрт мандахгүй нь. Олимпын тэнгэрт цагаан тугаа өргөх болсон шалтгааны зах зухаас дурдахад ийм байна. Цаашлаад санхүүжилт тайлагнадаггүй гэх мэтчилэн олон асуудал бий.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийнэ. Энэ үеэр улсын их баяр наадмын түрүү бөх М.Бадарчийн допингийн шинжилгээний “Б” сорьцын хариуг албан ёсоор зарлана. Зарим хэвлэлд мэдээлж байгаагаар бол түүний шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн нь дахин батлагджээ. Энэ хариуг зарласны дараа Баяр наадам зохион байгуулах хороо хуралдаж, М.Бадарчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг хэлэлцэх юм. Допингийн эсрэг үндэсний журамд зааснаар бол түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, Улсын арслан цолыг нь хурааж авна.

Улсын арслан М.Бадарчийн зүгээс шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа. Тэрбээр шинжилгээний явцад процессын алдаа гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Цаашид арбитрын шүүхэд хандаж, өөрийн эрхээ хамгаалахаар төлөвлөж байгаа юм байна. Өмнө нь барилдах эрхээ найман жилээр хасуулсан Э.Оюунболд арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээж байсан юм.

 

 

One reply on “Олимпын наадамд цагаан тугаа өргөх анхааруулгын цаад шалтгаанууд DNN.mn”

спортын сайд ажлаа хийгээгүй бна. огцоруулъя

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *