Categories
мэдээ нийгэм

Олимпын медальт тамирчдыг алдаршуулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд “Олимпийн медалтнуудын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны Барселона олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож буй. Тиймээс “Олимпийн медалтнуудын холбоо”-ноос 50 жилийн ойн хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөснөө салбарын сайдад танилцууллаа.

Олимпийн наадмыг ирдээдүй хойчдоо сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах, алдартай олимп, дэлхийн аваргын медалтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг танилцуулав.

Салбарын сайд Ц.Цогзолмаа тэдний тавьсан саналыг бүрэн дэмжихээ илэрхийлээд “Улсын баяр наадмаас өмнө олимп, тив дэлхийн аваргуудтай Ерөнхий сайд, яамны удирдлагууд уулзалт зохион байгуулна. Токиогийн 2020 оны олимпд бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хэрхэн хангах гээд олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Ерөнхий сайдын дэргэд ажиллах, орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулах цаг нь ирлээ.

Өнгөрсөн жил батлагдсан Спортын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр анх удаа биеийн тамирын арга зүйч улс даяар ажиллана. Гэтэл зургаан сарын дараа хууль хэрэгжих байхад ажил эхлээгүй явна. Тиймээс та бүхэн энэ мэт бидний ажлыг дэмжиж, саналаа хэлээрэй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *