Categories
гадаад мэдээ

Олимпийн аварга теннисчин таалал төгслөө

Олимпийн теннисийн хосын төрөлд аваргалж байсан Америкийн тамирчин Кэн Флэх 54 насандаа амьсгал хураасан байна. Флэх, Роберт Сегусо нар 1980-аад оны хосын төрөлд хамгийн амжилттай тоглож байсан тамирчид юм. Тэд 1987, 1988 онд Уимблдоны аварга болж байснаас гадна 1988 онд Сөүлийн олимпод аваргалж байв.

Үүнээс гадна Флэх нь хоёр ч удаа Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд 1985 болон 1993 онуудад уг амжилтад хүрч байжээ. Үүнээс гадна 1986 онд Ролан Гаррос болон Уимблдонд холимог хосын төрөлд аваргалсан амжилттай.

Мэргэжлийн теннисийн АТР холбооны мэдэгдэж буйгаар Флэх долоо хоногийн өмнө гольф тоглосны дараа архаг бронхит нь хөдөлсөн гэжээ.

Флэхийн хамтрагч Сегусогийн эхнэр АТР-ийн холбооны вэбсайтад “Бидний дотны анд Кэн Флэх өнгөрсөн шөнө гэр бүл ойр дотны хүмүүсийнхээ хажууд нас барж, нөхөж барашгүй хүнд гарз тохиосонд гүнээ харамсаж байна. Харамсалтай нь цусны халдварыг хангалттай хурдан хугацаанд зогсоож чадсангүй. Үүнээс болж уушги болон дотоод эрхтнүүдэд нь нөлөөлсөн харамсалтай зүйл боллоо. Түүнийг эцсийн амьсгал хураатлаа өвчинтэйгөө тэмцсэнийг мэдэж байна. Тиймээс талийгаач одоо энхжингийн оронд амар тайван нойрсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлийнхэнд нь дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

АТР холбооны гүйцэтгэх захирал “Кэн бол манай спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг багийн тамирчин байсан гэдгээр үүрд дурсагдана. Холбоо болон холбоонд хамааралтай бүх хүмүүсийн өмнөөс төрөл төрөгсөд болон ойр дотныхонд нь эмгэнэл илэрхийлж байна” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *