Их эзэн Чингис хааны мэндэлсэн, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардууллаа.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-өөр жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жил “Чингис хаан” одонг 11 дэх эрхэмд гардуулж буй бөгөөд Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд болсон ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон “Чингис хаан” одонт эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.
Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулан үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол бидний дундаас төрсөн аугаа суут хүн, Та бидний бахархал омогшлын дээд, эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдрийн халуун мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Олон арван жилийн турш дагуул улсын коммунист, тоталитар дэглэмд нухчуулан байхдаа монголчууд Их хаанаараа омогшин, мэлмий гийсэн өдөрт нь соёрхол өргөх байтугай байгуулсан гавъяаг нь дурсах эрхгүй байлаа. Ердөө таван жилийн өмнөөс л бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болсон юм. Дэлхийн олон нийт ч Чингис богдын суу билгийг хүлээн зөвшөөрдөг юм. Тийм ч учраас Америкийн “Вашингтон пост” сонин 1995 онд дэлхийн “Мянганы хүн”-ээр эзэн Чингис хааныг минь тодруулсан билээ.
Монгол бахархлын энэ өдөр та бид эзэн Чингис хааныхаа билэг сургаалыг сэргээн санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх сэтгэл, сэдлийг олдог байх учиртай. Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ойд соёрхол дэвшүүлэх энэ өдөр Монгол улсын олимпийн анхны аварга, анхны олимпийн хошой медальтан “найдвар алдаж үзээгүй” хэмээн олондоо хүндлэгдсэн Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одонг гардуулахаар шийдвэрлэлээ. Спортын салбарынхнаас Н.Түвшинбаярт анхлан энэ хүндэт шагналыг олгож байна. Н.Түвшинбаяр бол нийт монголчуудын эх оронч үзлийг бадрааж, үндэстнээ дээдлэх сэтгэлийг нь оргилуулан бадраасан гавъяатан билээ. Шаргуу хөдөлмөр зүтгэлийн эзэн төдийгүй ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж, хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэтгэхийн жишгийг бодитоор харуулж, амжилтын оргилыг байнга дээшлүүлэн өргөж байхын үнэ цэнийг илтгэн харуулсан Монгол сод тамирчин билээ” хэмээсэн юм.
Дараа нь тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт энэхүү төрийн эрхэм дээд шагналыг гардуулан өгөв. “Чингис хаан” одонг ёслол төгөлдөр хүлээн авсан Н.Түвшинбаяр төрийн гурван өндөрлөг, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, ард иргэддээ хандан үг хэллээ. Тэрбээр “Эзэн богд Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн Төрийн эрхэм дээд одонг улсынхаа Төрийн тэргүүнээс тосон авч буйдаа туйлын их баяртай байна. Хүний сайн, газрын сайхан, тэнгэрийн цэлмэг Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна. Миний өдий зэрэгтэй яваа нь өсөж бойжсон өв тэгш монгол ахуй, зан заншил, соёл, ижий аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан, энэ насанд тэгш заяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс бахдам түүхтэй өвөг дээдсийн буян заяа, түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ. Монгол хүн Олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас Монголын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсад минь Олимпийн анхны алтан медаль ирсэн гэж би боддог оо. Энэ медаль Үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулан ирсэнд миний хувьд туйлын их баяртай байдаг юм аа. Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй билээ. Монголоо гэсэн сэтгэлийг хойч үе, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна. Миний бие цаашид өөрийн хийж чадах бүхнээрээ эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чармайн зүтгэх болно” хэмээсэн юм.
Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Консерваторийн оюутнууд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын удирдлага дор Монгол Улсын Төрийн дуулал, “Халуун элгэн нутаг”, “Монголын тал нутаг“дуугаар ая дууны мялаалга өргөлөө.
Дашрамд дурдахад, Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 11 хүнийг шагнаад байгаа бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон билээ.