МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хаяглан ил захидал илгээжээ. Ил захидалд “…Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) нь 2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болох зуны 31 дүгээр олимп, Паралимпийн тоглолтыг дамжуулах эрхийг уг холбооны тэргүүлэгч гишүүний хувьд МҮОНРТ-д онцгой нөхцөлөөр олгох гэрээг анх удаа байгууллаа. Олимпийн их наадмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн сансрын дамжуулалт, кабель, IPTV, интернэт, үүрэн холбоо, радио гээд нийт 15 аргаар хүлээн авч дамжуулах 15 багц эрхийг өөртөө багтаасан энэ онцгой эрхийн төлбөр нэг сая ам.доллар бөгөөд энэ нь МҮОНРТ-д 2015 онд төрөөс өгсөн дэмжлэгийн тэн хагас орчимтой тэнцэхүйц өндөр өртөгтэй байгаа нь биднийг та бүхэнд хандахад хүргэлээ…” гэжээ. Улмаар олимп дамжуулахад шаардагдах хоёр тэрбум 142.3 сая төгрөгийг ирэх оны төсөвт суулгахыг хүссэн байна.
Монголчуудад олимпийн наадам үзүүлэх эсэхийг УИХ шийднэ гэж энэ ил захидлаараа мэдэгджээ. Төсвөө танаж, дарга нарынхаа цалинг хасах тухай ярьж байгаа энэ үед олимп үзүүлэхийн тулд хоёр тэрбум гаруй төгрөгийг МҮОНРТ-д өгөх нь юу л бол. Бодит байдлаар тооцоолоход боломжгүй гэсэн үг. Нэг удаагийн контент дамжуулахын тулд МҮОНРТ-ийн жилийн төсвийн талыг нэмж өгөх шийдвэрийг УИХ гаргахгүй нь тодорхой гэж ярих хүн олон байна.
Болсон явдлыг сураглахад, Рио де Жанейрогийн олимпийн наадмыг дамжуулах эрхийг авахаар МҮОНРТ ABU-тай гэрээ байгуулсан гэнэ. Дамжуулах эрхийн төлбөр нь нэг сая ам.доллар. МҮОНРТ-ээс арилжааны телевизүүдэд нэг сая ам.долларыг хувааж төлөөд эрхээ авъя, дараа нь олимпийг төрөл төрлөөр нь хувааж дамжуулъя гэдэг санал тавьжээ. Монголын телевизүүдийн холбооны гишүүд буюу арилжааны 16 телевиз уг саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ хариуд нь мэдэгдсэн байна. “Нэг сая ам.доллар гэдэг хэтэрхий өндөр үнэ, ийм хэмжээний мөнгийг эдийн засаг хүндрэлтэй байгаа үед арилжааны телевизүүд хувааж төлөх боломжгүй. Тэгээд ч бид хамтраад үнээ буулга гэдэг шаардлагыг олимп эхлэх хүртэл ABU-д тавих ёстой. Шаардлагын дагуу бидэнд хямд үнэ санал болгох нь гарцаагүй. Яарч гэрээ байгуулалгүй, дахин тохиролцох санал тавья” гэж арилжааны телевизүүд МҮОНРТ-ийн удирдлагуудад санал болгосон гэнэ. Гэтэл “Нэгэнт гэрээ байгуулчихсан. Эргэж буцах боломжгүй. Та бүхэн хамтарч төлөхгүй гэвэл манайх ганцаараа дамжуулна” гэж зөрүүдэлсэн бололтой. Хэрвээ төсөв дээр хоёр тэрбум гаруй төгрөг суулгаж өгвөл зөвхөн МҮОНРТ олимп дамжуулах болбол бусад арилжааны телевизүүд барьцаж, хэл ам хийх нь тодорхой. Учир нь төсвөөс мөнгө гаргах бол шууд дамжуулах эрхийг бүх телевиз хувааж авах ёстой. МҮОНРТ татвар төлөгчдийн мөнгөөр дангаараа олимп дамжуулах нь шударга өрсөлдөөний зарчимд таарахгүй үйлдэл болно. Тэгээд ч МҮОНРТ өнөөг хүртэл HD форматаар үзүүлэхгүй байгаа. Дүрсний чанар нь үзэгчдэд гологддог.
Арилжааны телевизийн удирдлагуудын үзэж байгаагаар ABU зээлжих зэрэглэл буурсан, хөгжиж буй улсуудад контентоо маш хямдралтай үнээр өгдөг уламжлалтай. Тийм нөхцөлтэй улсуудын тоонд Монгол байгаа учраас аяндаа хямд үнээр өгөх нь гарцаагүй аж. Гэтэл Монголын хувь, хувьсгалын телевизүүд эндээ тохиролцож чадахгүй, өрсөлдөх байдлаар өндөр үнэ хэлж гадныхны аманд багтаж байна. Үүний үр дүнд монголчууд олимпийн наадмыг үзэж чадахгүй бололтой.
Сочигийн олимпийн үеэр ч ийм нөхцөл байдал үүссэнийг уншигчид санаж байгаа биз ээ. Олимпийн нээлт эхлэх мөчид үзэгчид Үндэсний телевиз дээрээ сувгаа тааруулчихаад хүлээсэн ч гараагүй. ABU-д Монголын телевизүүдийг МҮОНРТ ахалдаг. Үүнийг ABU-ийн нэршлээр Пүүл гэдэг юм байна. Тухайн үед МҮОНРТ “Манайханд мөнгө алга, үзүүлэхээ л болихоос” гэхээс өөр ажил хийгээгүй, зүтгэл гаргаагүй. Үзэгчдийнхээ өмнө хариуцлага хүлээснээ ч ухамсарлаагүй. Өрсөлдөөнгүй, төрөөс санхүүждэг байгууллагууд угаасаа ч ийм л байдаг. Харин арилжааны телевизүүд Сочигийн олимп эхлэх өдөр хүртэл хөөцөлдсөн гэдэг. Үүний үр дүнд ABU анх санал болгосноосоо зургаа дахин хямд үнээр олимп дамжуулах эрхийг манай арилжааны телевизэд зарсан. Ингэснээр ганцхан TV5 телевиз олимпийг шууд дамжуулж, монголчуудад хүргэсэн.
Сочигийн олимпоос сургамж авсан уу, яасан МҮОНРТ 2016 оны зун болох Рио де Жанейрогийн олимпийг дамжуулах эрхийг өндөр үнээр буюу нэг сая ам.доллараар авах гэрээг ABU-тай байгуулчихсан бололтой юм. Пүүлийг ахалж байгаа телевиз ABU-ийн санал болгосон үнийг нь хүлээн зөвшөөрчихсөн учраас арилжааны телевизүүд дахин хэлэлцээр хийхэд тун хүнд байдалтай болжээ. Гэсэн ч үзэгчид татахыг зорьдог, үйлчлүүлэгчдээ хүндэлдэг байгууллагууд эцсийг хүртэл боломж хайдаг. Арилжааны телевизүүдийн төлөөлөл “МҮОНРТ байгуулсан гэрээгээ эргэж харж, дахин хэлэлцээрт орохгүй бол төсвөөс тэр их хэмжээний мөнгө гаргах боломж байхгүй. Монголчууд ч олимпоо үзэж чадахгүй. МҮОНРТ арилжааны телевизүүдтэй тохиролцоод нэгдмэл байдлаар ABU-д шахалт үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Нэг сая бүү хэл 500 мянган ам.доллар ч их. Спортын уралдаан тэмцээн, наадам дэлхийд үнэтэй бизнес болсон нь үнэн. Гэхдээ том гүрнүүд л өндөр үнээр худалдаж авдаг. Гэтэл манай телевизүүд нэгнийхээ дээр гарах гэж өрсөлдсөөр олон улсад өөрсдийгөө мөнгөтэй, баян гээд ойлгуулчихсан. Үнэгүй шахам авдаг эрхийг хэдэн мянган ам.доллараар хүртэл авч байсан. Гэхдээ одоо эдийн засаг хүндэрсэн, байдал хүнд байгааг бодолцох ёстой. Ийм үед үзэгчдээ хүндлээд өрсөлдөх биш нэгдэх хэрэгтэй” гэцгээсэн юм.
Монголд олимпийг дамжуулах телевиз байхгүй бол монголчууд БНХАУ-ын “CCTV”-гээр үзэхээс өөр сонголт үлдэхгүй. Тэр үед өмнөдмонгол ах дүү нар минь хэлмэрчилж, үнэд орох нь ээ. Учир нь телевизүүд өмнөдмонгол тайлбарлагчдыг эфиртээ суулгаж, олимпийг тайлбарлуулахаас аргагүй болно. Одоогоор манай тамирчид 2016 оны олимпод оролцох эрхийг 16 төрлөөр авчихаад байгаа. Тамирчдаа, дэлхийн шилдгүүдийн тоглолтыг үзэхдээ өмнөдмонгол ах, дүү нарынхаа орчуулгаар ойлгох нь. Тэд маань уран гимнастикийг орчуулахдаа “Галбирын наадаан эхэллээ” гэнэ. Цаашлаад ширээний тениссийг “Одон бөмбөг банзаар савах наадаан”, волейболыг “Арьсан бөмбөг алгадах наадаан”, сагсан бөмбөгийг “Ширэн бөмбөг шидэх наадаан” гэж тайлбарлана. Хөлбөмбөгийг “Арьсан бөмбөг өшиглөх наадаан” гээд хаалгачийг нь “Үүдчин” гэж ярина. Багийн ахлагчийг нь “Ангийн дарга” гэж тодотгоно. Г.Шийлэгдамба Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Өмнөдмонголд очиход “Жугаа чэнгэлийн жулжаган сайд Шалигдамба ирлээ” гэж танилцуулсан гэдэг наргиантай яриа гарч билээ. Иймэрхүү байдлаар л хэлмэрчлүүлж олимп үзэх бололтой юм.