Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпиадын аварга сурагчдаа олимпийн медальтнууд шиг алдаршуулъя

Ерөнхийлөгч саяхан олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан сурагчдад Монголын төр тэтгэлэг олгож, урамшуулах тухай зарлиг гаргасан. Ялангуяа математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадад өндөр амжилт гаргаж медаль хүртсэн сурагчдыг төр засаг зүй ёсоор үнэлэх цаг ирснийг мэдэгдсэн. Байгалийн шинжлэх ухааны төрлөөр оюуны олимп гэгддэг олон улсын талбарт эх орныхоо нэрийг гаргаж буй сурагч бол Монголын хөгжил дэвшлийн ирээдүй юм. Манай улс сүүлийн 30 гаруй жил дандаа урлаг спортоор амьсгалж, Монголд хамгийн алдар цуутай, нэр төртэй хүмүүс нь тамирчид, бөхчүүд, хошин шогийн жүжигчид, дуучид, хуурчид болсон. Бөх бэлтгэдэг болоод биеийн тамирын сургуулиуд хүчээ авч, алдар цолтой бөхчүүд бүгд сургууль байгуулж их, дээд сургуульд элсэж буй оюутнуудын бараг тал хувь нь бөхийн сургуульд орж байв. Мөн Соёл урлагийн их сургууль болон дуучин хуурчин, жүжигчин, хөтлөгч, хуульч, сэтгүүлч, найруулагч бэлддэг сургуулиуд элсэгчдээр дүүрэн байсан. Оны шилдэг сурагч, оюутан залуусыг шалгаруулахад ёс юм шиг урлаг, спортынхон манлайлж бусдыг гайхуулдаг байв.

Монголчууд бид ийнхүү шинжлэх ухаанаа дорд үзэж, математик, физик, химийг хэрэггүй мэтээр бодож бүгд л алиалсан, дуулсан, хуурдсан, барилдсан, уянгалсан хүмүүс болсон. Үүнийхээ горыг амсаж өнөөдөр улс орны хөгжил ямар дүр зурагтай, нийгмээрээ ядуу хоосон гуйлгачин байгаа билээ. “Монголыг инженерүүд, байгалийн шинжлэх ухааны эрдэмтэд, математикчид, химичид, физикчид аварна” гэж “Өдрийн сонин” бичсээр ирсэн. Тиймээс ирээдүй хойч үеэ шинжлэх ухаанч болгоход чиглэгдсэн Ерөнхийлөгчийн зарлиг цагаа олсныг тэмдэглэх нь зүйтэй. Ийм зарлиг гарахад У.Хүрэлсүхийн шинжлэх ухааны зөвлөх профессор Ч.Лодойравсалын санаачилга зүтгэл орсон байх. Тэрээр Монгол Улсын их сургуулийн багш байхаасаа Робокон тэмцээнийг шүүн явуулж, хүүхэд багачуудыг инженер сэтгэхүйтэй болгоход гол нөлөө үзүүлсэн нэгэн. Олон улсын олимпиадаас медальт байрт шалгарч дэлхийн их дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан тухайн сурагч тэтгэлэг хүртэхийг Ерөнхийлөгчийн зарлигт тодорхой тусгасан байна лээ.

Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчидаа Монголын төр хэрхэн урамшуулдгийг бид мэднэ. Олимпийн аварга болсон тамирчинд 120 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, дээрээс нь Засгийн газрын журмын дагуу сар бүр 4 сая төгрөг олгодог. Ингээд зогсохгүй олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог мөнгөн урамшуулал гэж том юм бий. Ц.Элбэгдоржийн үед буюу 2012 оноос тамирчдад сар бүр урамшуулал нэрээр мөнгө олгож байх тухай зарлиг гарсан. Энэ дагуу Н.Түвшинбаяр 7.5 сая, С.Батцэцэг 6.0, Х.Цагаанбаатар 4.5, Д.Сумъяа 6.0, М.Уранцэцэг 6.0, П.Сэрдамба 5.5, Э.Бадар-Ууган 5.0, Н.Төгсцогт 4.5 сая төгрөгийг тус бүр авдаг. Мэдээж олимпийн, дэлхийн аваргын хос медальтнууд болох З.Ойдов, Х.Баянмөнх тэргүүтэй ахмад бөхчүүд, тамирчдын дансанд сар бүр мөнгөн тэтгэмж нь ордог. Саяхан паралимпийн аварга болсон Э.Содномпилжээ гэхэд олимпийн алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медалийг урамшуулаад нийлээд сар бүр 9 сая төгрөг авах эрхтэй болсон. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд мандуулсан хэмээн үзэж Монгол Улс тамирчдаа ийн урамшуулан тэтгэдэг. Тамирчдын амжилт гэдэг бол ганцхан хувь хүний амжилт байдаг. Мэдээж улс орны нэр гарч, олимпийн тэнгэрт Монголын төрийн далбаа мандана гэдэг сайхан. Гэвч улс орны хөгжилд энэ бол онцгой байр суурь эзэлдэггүй. “Х.Баянмөнх Монголын бүх л алдар цолыг хүртсэн хүн. Гэвч тэр хүн улс орны хөгжилд ямар гавьяа байгуулсан юм бэ” гэж аж үйлдвэрийн сайд, Монгол орныг үйлдвэрийн хувьд бүтээн цогцлоосон Паавангийн Дамдин гуай “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр орохдоо хэлж байсан. Үндсэндээ Баянаа аваргаар жишээ аваад тамирчид бөхчүүд гэдэг өөрсдөө алдаршиж, нэр төртэй болохоос тэдний гавьяа улсын хөгжилд огтхон хамаардаггүй юм шүү гэдгийг хэлсэн нь тэр.

Манай сурагч хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын математик, физик, мэдээлэл зүйл, хими, биологийн олимпиадаас 52 медаль хүртсэн үзүүлэлт бий. Зөвхөн энэ оны наймдугаар сарын байдлаар 15 медаль буюу түүхэндээ хамгийн олон медаль хүртээд байна. Тухайлбал, математикийн олимпиадаас “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа, 1 дүгээр сургуулийн М.Өнөболд нар алт, “Сант” сургуулийн Ц.Сайханбилэг, “Шинэ Монгол”-ын О.Мишээл нар мөнгө, “Сант” сургуулийн Д.Энэрэлт, “Олонлог”-ийн Б.Батсамбуу нар хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Германы баг 12, Сингапурын баг 15 дугаар байрт жагссан байдаг. Мөн “Орчлон” сургуулийн О.Тэмүүжин, О.Ундрал, Л.Оргилболд, 1 дүгээр сургуулийн Б.Пүрэвбадрал нар олон улсын математик, хими, физик, мэдээлэл зүйн олимпиадаас мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоосон юм. Химийн олимпиадаас “Хобби” сургуулийн А.Ирмүүн хүрэл, биологийн олимпиадаас “Шинэ үе” сургуулийн Э.Бодьхүү, 1 дүгээр сургуулийн Б.Пүрэвбадрал нар хүрэл, “Орчлон” сургуулийн Э.Тэргэл мөнгөн медаль хүртсэн бол физикийн олимпиадад “Сант”-ын О.Анирчулуу, Б.Билгүүн нар хүрэл, мэдээлэл зүйгээр мөн тус сургуулийн А.Нямдаваа мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Эдгээр сурагчдаа бид олимпийн медальтнууд шигээ алдаршуулмаар байна. Тэгэхдээ зүгээр нэг баяр хүргээд өнгөрөх бус төр засгийн зүгээс яг л олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг урамшуулдаг шигээ сар бүр мөнгөн урамшуулал олгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар нэн даруй хэлэлцэж шийдвэрлэмээр байна. Улс орны хөдөлгөгч хүч болсон залуу үеэ ингэж дэмжиж, шилдэг сурагчдын нэр хүндийг өсгөж, хамгийн гол нь оюуных нь хөдөлмөр зүтгэлийг үнэлэх аваас Монголын ирээдүй гэгээ гэрэлтэй болно. Багш нар, эцэг эхчүүд хүүхдүүдээ дуучин, хуурчин, бөхчин болгохыг бодохгүй. Шинжлэх ухаанч, инженер сэтгэлгээтэй, математик, физик, химийн хүн болгохыг дор бүрнээ эрмэлзэж эхэлнэ. Монголын хэвлэл мэдээлэл, ялангуяа энэ олон телевизийн сувгууд хошин шогийн жүжигчид, рок попын гэх тодотголтой хар нүдний шилдэг залуучууд, зохиолын дуучдыг завсар чөлөөгүй сурталчлахын оронд олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдыг гаргадаг болъё. Олон нийтэд таниулан улс орны хөгжилд инженерүүд, шинжлэх ухааны хүмүүс онцгой байр суурь эзэлдгийг нийгэмд цаг үргэлж сануулдаг баймаар байна.

Төр засаг нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сурагчдаа дэмжихэд ямар гавьяа байгуулж болдгийг Баян-Өлгийн Алтанцөгц сумын казах хүүхэд харуулсан. Сургуулиас гарч хөдөө мал маллаж байсан хүүхдийг математикийн багш нь анзаарч сургаад Казахстан явж тэндээсээ улсын зардлаар АНУ-д сураад математикийн мундаг эрдэмтэн болж дэлхийг шуугиулсан. Тэр хүүхэд хууль юмуу, эдийн засгаар сурсан бол ийм амжилт гаргаж чадахгүй болохыг физик, математикийн эрдэмтэд хэлдэг. “Хүн төрөлхтөн сарыг эзэмших, ангараг гариг дээр амьдрал цогцлоох тухай, мөн сансар судлал, Антарктид тив урд хойд мөсөн туйл, за тэгээд физикийн шинжлэх ухаанд хүлээгдэж байгаа дэлхийн нээлтүүд, олон улсын нэр хүндтэй том төслүүдэд Монгол Улс заавал хүнээ оролцуулах учиртай. Гэтэл бид өнөөдөр шинжлэх ухаан хэрэггүй мэтээр ярьж байгаа нь асар их эмгэнэл” гэж профессор Х.Цоохүүгийн хэлснийг бодох хэрэгтэй.

Бид тамирчдаа яаж шүтэж, мөнгө төгрөгөөс гадна, хөдөлмөрийн баатар, Чингисийн одон гээд төрийн бүх цол хэргэмээ өглөө. Гэвч түүний хариуг хэрхэн барьж буй жишээг олимпийн аварга Н.Түвшинбаярын үйлдэл харуулсан. Тэгэхээр улс орныхоо ирээдүйг бодож шинжлэх ухаанд амьдралаа зориулж буй сурагчид, оюутан залуусаа бодлогоор дэмжих цаг нь болжээ. Тэд шинэ цагийн Монголыг бүтээх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *