Categories
мэдээ нийгэм

“Олимп” спорт цогцолборын шав тавих ёслол Түргэний аманд боллоо

Зуны дунд хар морин сарын гурван хөх, хар нохой өдрийн морин цагт буюу өнгөрсөн баасан гарагт Монголын самбо бөхийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал тохиолоо.

Тодруулбал, дээрх холбоо нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн “Олимп” спорт цогцолбор ордны шав тавих ёслолыг Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор орших Түргэний аманд үйлджээ.

Ёслолын үйл ажиллагаанд Монгол самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх, Монголын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Б.Ганболд, Х.Ангар, Э.Содномжамц, Д.Гантөмөр, П.Мөнхбаяр, Монголын самбо бөхийн холбооны спорт хариуцсан гүйцэтгэх захирал, гавьяат тамирчин Ж.Баярсайхан тэргүүтэй холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцов.

Энэхүү “Олимп” спорт цогцолбор ордон нь спорт заал, бэлтгэлийн заал, үзэгчдийн суудал, VIP заал, ресторан, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, душ, саун, бассейн, граш, машины зогсоол, сагс, хөлбөмбөгийн талбай, худаг, уурын зуух, нөөцийн цахилгаан станцт гэсэн бүтэцтэй баригдах аж.

Мөн бөхийн бүх төрлийн өвөл, зуны бэлтгэл цугларалт, сургуулилт хийх бүрэн боломжтой тул олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой болох нь ээ.

Иймд сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлийн тэмцээнийг хүлээн авах боломжтойгоор ордны барилгын зурагт тусгасан байна.

Түүнчлэн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.

Монголын үе үеийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл болсон тус ордны газар шороо, суурийн ажил ийнхүү шав тавих ёслол хийснээр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд барилга угсралтын ажил хөрөнгө санхүүний боломж чадамжаас шалтгаалан ирэх арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *