Categories
мэдээ нийгэм

Олон улсын аялал жуулчлалын “ITM-2023” үзэсгэлэн зохион байгуулна DNN.mn

Олон улсын аялал жуулчлалын “ITM-2023” үзэсгэлэнг 10 дугаар сарын 27-29-нд Мишээл экспо төвд зохион байгуулна.

Монголын Аялал Жуулчлалын Холбоо “ITM-2023” үзэсгэлэнг 24 дэх жилдээ дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалын салбар сэргэж байгаатай холбогдуулан “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлах, үр өгөөжийг нь хүртэн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

Тус үзэсгэлэн нь бизнес эрхлэгчдийг холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломж бүрдүүлдэг.

ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 21 аймаг нэгдсэн зохион байгуулалттай, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын гээд 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцдог.

Үзэсгэлэнг гурван өдөрт дунджаар 4000 гаруй зочин, мэргэжлийн хүмүүс сонирхдог. Энэ жилийн хувьд 20 аймаг, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцохоор бэлтгээд байгаа.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн чөлөөт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч старт-апп компаниудад “АЖ-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түүний онцлог, анхаарах зүйлс”, орон нутгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдэд “ТХГН-т тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нутгийн иргэдийн оролцоо”, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд “Монгол орны зорин очих газрын онцлог, гадаад сурталчилгаанд гардаг алдаа”, үйлчилгээний байгууллагынханд “Бизнесийн сахилга бат, хувь хүний харилцаа”, аялал жуулчлалын үйлчилгээнд дижитал технологийг үр дүнтэй ашиглах нь, үндэсний хоол, жуулчдын сэтгэл ханамж зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа хийхээр төлөвлөөд байгаа юм.

Монгол Улсад 2019 онд 577 300 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өсөж, 607 231 сая ам.долларыг энэ салбараас олж, байлаа. Өмнөх оноос энэ тоо 29,6 хувиар өссөн байна. Түүнчлэн 2,460,874 монгол хүн гадаадад аялсан байдаг. Харин 2022 онд 290 414 гадны жуулчин хүрэлцэн ирж 350 сая ам.доллар буюу 1,2 их наяд төгрөгийн орлого олсон билээ.

Монгол Улсад одоогоор 600 мянган жуулчин ирж, 3 тэрбум 400 сая орчим төгрөгийн орлогыг оруулаад байна. Харин дэлхий дахинаа 900 сая хүн гадаад улс руу аялал хийсэн нь 2021 оныхоос хоёр дахин их буюу цар тахлын өмнөх өсөлттэй жилүүдээс 63 хувиар нэмэгдсэнийг ДАЖБ (UNWTO) зарлажээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих улмаар тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг төрөөс бодлогоор дэмжих олон шат дараатай ажил гүйцэтгэж байгааг Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *