Categories
гадаад мэдээ

ОХУ үр тариа, элсэн чихрийн экспортоо зогсоожээ || DNN.mn

ОХУ-аас Украинд дайн эхлүүлснээс үүдэн олон орны эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон. Улмаар ОХУ-ын иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасарч, хомсдол үүсэх вий гэх айдас, болгоомжлол үүссэнээс дэлгүүрүүдийн лангууг хоосолж эхэлжээ.

Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Баасан гаригт мэдээлэл хийхдээ, оросуудад хандан гурвалжин будаа, элсэн чихэр, ариун цэврийн цаас ихээр худалдан авч, нөөчлөх шаардлагагүй гэж мэдэгджээ. Тэрбээр айж сандралдан дэлгүүрийн лангуу хоослох шаардлагагүй гэж мэдэгдсэн ч ОХУ-д инфляци сүүлийн 20 гаруй жилд байгаагүй хурдаар нэмэгдэж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт инфляцийн түвшинтэй уялдуулан цалин тэтгэврийг нэмэхээ амлажээ.

ОХУ нь хүнсний бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлж, элсэн чихэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг ирэх наймдугаар сарыг хүртэл зогсоож, хоригложээ.

Үүний зэрэгцээ сахар хомсдох сургаар элсэн чихэр үйлдвэрлэгч монополь үйлдвэрүүд үнээ нэмж байгаагийн эсрэг Холбооны монополийн эсрэг агентлагаас анхааруулга гаргажээ. Элсэн чихрээс гадна оросууд инсулин зэрэг шаардлагатай эм, бэлдмэлүүдийг ихээр худалдан авч нөөцлөх болсон ба цахилгаан барааны худалдан авалт эрс өссөн байна.

Нөгөө талд ОХУ, Украины дайнаас үүдэн тус хоёр улсаас нийлүүлдэг улаан буудайн экспорт зогсох нөхцөл байдал үүсчээ. Тус хоёр улс нь дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн 30 хувийг бүрдүүлдэг байна. Мөн Украин нь наранцэцгийн тосны нэлээд хувийг нийлүүлдэг бөгөөд олон улсад хомсдол үүсэх эрсдэл үүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *