Баасан гаригт ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “300,000 бэлтгэл хүчийг дайчлах таны даалгаврыг биелүүлж дууслаа. Одоогоор дахин ийм ажиллагаа явуулах төлөвлөгөө алга” гэж Кремлийн ордонд уулзахдаа ерөнхийлөгч Владимир Путинд хэлжээ.
Дайчилгаанд хамрагдсан иргэдийн 82,000 нь Украины фронтод илгээгдсэн бол үлдсэн хэсэг нь бэлтгэл сургуулилалтад хамрагдаж байгааг тэр бас нэмж мэдээлсэн байна.
Путин хариуд нь “үүргээ биелүүлж, эх орон, ард иргэдээ хамгаалахаар дайчлагдсан” иргэдэд талархал илэрхийлжээ.
Путин, Шойгу нар бас цэргийн дайчилгааны эхэн үед хүндрэл бэрхшээлүүд тохиолдож байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Дайчилгааны эхэн үед тохиолдож байсан цэргийн хангамжийн асуудлыг шийдвэрлэж чадсанаа Шойгу мэдэгдсэн бол Путин улс орон нь урт хугацаанд ийм дайчилгаа явуулаагүй байсан тул алдаа гарах нь гарцаагүйг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ алдаанаасаа суралцах нь чухал болохыг тэр онцолсон байна.
Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр Оросын цэргийн дайчилгаа дууссанд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
“Бэлтгэл, зэр зэвсгийн хангамж муутай шинэ цэргүүд дайнд дэмий амиа золиосолж, удахгүй Москвагийн эрх баригчдад дахин цэргийн дайчилгаа зохион байгуулах хэрэгцээ гарах өндөр магадлалтай” гэж тэр мэдэгдсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгааг Украинд нэмэлт хүч илгээх зорилгоор есдүгээр сарын 21-ний өдөр зарлаж байсан юм.
Эх сурвалж: Reuters