Categories
мэдээ улс-төр

ОХУ руу төмөр замын шинэ гарц нээнэ

Халхын голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга
хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол
Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр хоёр талын харилцааны олон чухал асуудлаар хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын баримт бичгүүдийг байгуулав.
Зам, тээврийн салбарын хувьд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн
Монголын талын хувь нийлүүлэгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Монгол Улсын
Зам, тээврийн сайд А.Гансүх, нийгэмлэг дэх ОХУ-ын эзэмшлийн хувьцааг
итгэмжлэн захирагч В.И.Якунин нар Улаанбаатар төмөр замын шинэчлэл,
хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт, Монгол Улсын
Зам, тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов нар
Иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны тухай протоколд,
ОХУ-ын “Аэрофлот” компанийн Ерөнхий захирал В.Савельев, МИАТ ХК-ийн
Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нар хамтын ажиллагааны тухай санамж
бичигт тус тус гарын үсэг зурав.
Эдгээрээс хамгийн ач холбогдолтой нь улс, орны хөгжлийн зүтгүүр
болсон Улаанбаатар төмөр замын ирэх 50 жилийн хөгжлийг тодорхойлсон
баримт бичиг байв. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”
нийгэмлэгийг үүсгэн байгуулсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа
билээ. Ойн жилд талууд Улаанбаатар төмөр замын шинэчлэлийг цаашид
далайцтай өрнүүлэх, сүлжээг өргөжүүлэх, тээвэрлэлтийг үлэмж нэмэгдүүлэх
цаашдын олон жилийн хөгжлийн стратегийг тохиролцов.
Талууд Улаанбаатар төмөр замын одоо байгаа коридорыг жилд 100 сая
тн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, цахилгаанжуулах, хоёр
дахь замыг барих, Салхит-Эрдэнэтийн салбар төмөр замын шугамыг баруун
хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж ОХУ руу төмөр
замын шинэ гарц нээх, ингэснээр цаашид ОХУ-ын Тува Улсын Кызылтэй
холбогдож ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан
БНХАУ-д гаргах шинэ замнал бий болгох, Монгол Улсын нутаг дэвсгэрээр
дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын
баруун бүс нутгаар дайран өнгөрөх босоо чиглэлийн шинэ коридор байгуулах
боломжийг судлах зэрэг бусад асуудлыг тохиролцлоо.
Дашрамд дурдахад, түүхт ойн жилийн босгон дээр талууд нийгэмлэгийн
дүрмийн санг 250 сая ам. доллараар амжилттай нэмэгдүүлсэн. Түүнчлэн
Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн 2015 он хүртэлх эхний
шатны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд хөтөлбөрийн
хүрээнд Монгол Улсаас нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд оруулсан
125 сая ам. долларын хөрөнгөөр шинэ зүтгүүр, вагон, гол замын холбоо,
дохиолол, хориглолын шинэ систем худалдан авах зэрэг шинэчлэлийг хийж,
2015 оны сүүл гэхэд замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал даруй 60 хувиар
нэмэгдэж жилдээ 34 сая тн. ачаа тээвэрлэх чадвартай болно. 2013 онд
Улаанбаатар төмөр зам 21 сая тонн ачаа тээвэрлэсэн юм.
Айлчлалын үеийн яриа хэлэлцээний үеэр Монгол Улс БНАСАУ дахь ОХУ-ын
хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах зарчмын
тохиролцоонд хүрэв. Ингэснээр Монгол Улс анх удаа өөрийн далай боомттой
боллоо.
Мөн түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын
дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол
Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн ачаа тээврийн
хэмжээг 2015 он гэхэд 6 сая тонн, 2020 он гэхэд 20 сая тоннд хүргэж
ажиллахаар тохиролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *