Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглохгүй байхаар шийдвэрлэлээ

ОХУ-аас экспортолж буй бензинд хориг тогтоохгүй байхаар эрх баригчид шийдвэрлэсэн тухай РБК холдинг болон ТАСС агентлаг мэдээлж байна. Шадар сайд Александр Новакийн зохион байгуулсан зөвлөгөөний үеэр экспортод хориг тавихгүй, үүний оронд бирж дээр борлуулж буй шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлэхийг нефтийн салбарынханд санал болгожээ. Өмнө нь Эрчим хүчний яамнаас бензиний экспортыг зогсоох тухай саналыг оруулж байсан юм.

Шадар сайд ба газрын тосны салбарынхны хамтарсан зөвлөгөөний үеэр Орос улсаас гадаадын орнуудад бензин экспортлохыг хориглох тухай шийдвэр гаргаагүй гэдгийг Оросын Шатахуун үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Евгений Аркуша РБК холдингт мэдээлсэн байна. Түүний хэлснээр, “бензиний экспортод хориг тавихыг дэмжээгүй, харин бирж дээр гаргаж буй бензиний нийлүүлэлтээ хоногт 5 мянган тонноос доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх саналыг нефть боловсруулагчдад тавьсан бөгөөд тэд ийм алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” ажээ.

Е.Аркушагийн ярьснаар бол, бирж дээр үнийг тогтворжуулах талаар одоохондоо хатуу арга хэмжээ авахгүй бололтой. Зөвлөгөөний явцад эрх баригчдын зүгээс нөөцөөсөө гаргах замаар биржийн нийлүүлэлтийг өсгөхийг компаниудад санал болгожээ. Нийлүүлэлтийг тогтмол, жигд байлгах нь үнэ буурахад нөлөөлнө гэж тэрбээр үзэж байна. Үүний сацуу үнийг царцаах талаар нефтийн салбарынхантай гэрээ хэлэлцээр хийх тухайд ямар ч шийдвэр гаргаагүй гэдгийг Е.Аркуша нэмж хэллээ.

Долдугаар сарын 22-ны өдөр Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгдэхдээ, хэрвээ бензиний биржийн үнэ өмнө нь байгаагүй өндөр түвшинд тогтох аваас дараагийн долоо хоногт шатахууны экспортыг зогсооно гэж мэдэгдэж байсан юм. Ийнхүү 30-ны өдөр тэрбээр, Эрчим хүчний яамны зүгээс “бензиний экспортыг хориглох арга хэмжээг түргэвчилсэн байдлаар хэрэгжүүлэх үүргийг өгөх тухай” саналыг Засгийн газарт оруулсан гэж хэлжээ.

Мөн дөрөвдүгээр сард Эрчим хүчний яамны зүгээс “шатахууны дотоодын зах зээлийг тогтворжуулах, үнийн өсөлт бий болгохгүй байх” үүднээс бензиний экспортыг 3 сарын хугацаагаар зогсоох тухай саналыг дэвшүүлж байсан юм. Харин Шадар сайд А.Новак экспортыг зогсоох нь онцгой хүнд нөхцөл байдлын үед авах “эцсийн арга хэмжээ” гэдгийг хэлж байв.

Ташрамд дурдахад, биржийн үнэ нь ШТС-уудын үнэд шууд нөлөөлдөггүй. Гэхдээ Орос улсад демпферийн журам үйлчилдэг бөгөөд уг журмын дагуу Оросын дотоодын үнэ ба экспортын үнэд зөрүү гарсан тохиолдолд шатахуун үйлдвэрлэгчдийн алдагдлын тодорхой хэсгийг төсвөөс нөхдөг байна. Ингэснээр дотоодын үнийг өсгөхгүй байх боломж бий болдог. Харин бензиний дотоодын үнэ нь экспортын үнээс давсан тохиолдолд нефтийн компаниуд ашгийнхаа тодорхой хэсгийг төсөвт оруулдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *