Оросын Холбооны улсад Төрийн думын VIIдахь удаагийн сонгуулийн санал хураалт өчигдөр буюу есдүгээр сарын 18-нд эхэллээ. Сонгуульд 450 депутатын 225 нь намын жагсаалтаар сонгогдох аж. Сонгуульд тус улсын 14 нам оролцож байгаа юм.Нэгдсэн сонгуулийн энэхүү өдөр тус улсад янз бүрийн түвшний 5300 гаруй сонгуулийн санал хураалтаар нийт 39500 мянган депутатын мандат, сонгуулийн суудал авах юм. Сонгуульд оролцохоор 116 мянга гаруй хүн нэрээ дэвшүүлсний 102 мянгыг нь нэр дэвшигчээр бүртгэчээ. Энэхүү сонгууль 96,7 мянган сонгуулийн байранд явагдаж байгаа бөгөөд гадаадын 145 оронд 372 сонгуулийн байр нээн ажиллуулсан байна. Сонгуулийг зохион явуулахад Оросын Сонгуулийн Төв комиссийн / СТК/ шийдвэрлэх түвшний 880 мянган гишүүн ажиллаж байна. Улс төрийн намуудын гаргасан саналын дагуу сонгуульд СТК-ийн гишүүдийн гуравны нэг ба нутаг дэвсгэрийн болон хорооны сонгуулийн хэсгийн ажилтнууд томилогдон ажиллаж байгаа ажээ.