Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн эцсийн дүн гарлаа

Өнгөрсөн ням гарагт болсон ОХУ-ын Төрийн Думын ээлжит сонгуулийн дүнг танилцуулахад “Нэгдсэн Орос” нам парламентын доод танхимд 343 суудал авчээ. Ингэснээр тус нам парламентад үндсэн хуулийн олонхыг бүрдүүлж байна. “Нэгдсэн Орос” нэг мандаттай тойргуудаас 203 суудал, намын жагсаалтаар 140 суудал авсан бөгөөд ОХУ-ын Коммунист нам 42, Либерал-Ардчилсан нам 39, “Шударга Орос” нам 23 суудал тус тус авчээ. Сонгуулийн ирц 47,88 хувьтай байсан бөгөөд нийт 52 сая 700 мянга 922 сонгогч санал хураалтад оролцжээ.

Коммунист намын нэр дэвшигчид нэг мандаттай 7 тойрог, Либерал-Ардчилсан намын нэр дэвшигчид 5 тойрогт, “Шударга Орос” намынхан 7 тойрогт тус тус ялалт байгуулжээ. Мөн Төрийн Думд парламентын бус намын хоёр төлөөлөгч, нэг бие даан нэр дэвшигч депутатаар сонгогдлоо. Тэд бол “Родина” намын дарга Алексей Журавлев, “Гражданская платформа” намын Улс төрийн хорооны дарга Рифат Шайхутдинов болон бие даан нэр дэвшигч Владислав Резник нар юм. Эдгээр гурван нэр дэвшигчийн ялсан тойргуудад “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшүүлээгүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *