Categories
мэдээ спорт

ОХУ-ын цана, чаргын тамирчид олимпт оролцоно

Image result for ОХУ-ын цана, чаргын тамирчидОлон улсын Олимпын хорооны шийдвэрээр ОХУ-ын шигшээ багийн тамирчид 2018 оны Өвлийн Олимпт улсынхаа нэрийн өмнөөс оролцох эрхгүй болсон билээ. Тэгвэл ОХУ-ын чарга болон цанын шигшээ багийн тамирчид Пёнчаны Өвлийн Олимпт ОУОХ-ны тугийн дор оролцох болсноо зарлалаа. Харин бусад төрлийн тамирчид шийдвэрээ хараахан гаргаагүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бид ямар ч үед тамирчдынхаа Олимпын наадамд оролцох эрхэнд халдахгүй. Тэд энэ удаагийн Өвлийн Олимпын наадамд оролцох эсэхээ өөрсдөө шийднэ. Тамирчин хүн Олимпын наадамд оролцохын тулд бүх амьдралаа зориулдаг. Тиймээс ямар ч хориг тавихгүй” хэмээн энэ сарын 6-ны өдөр Горьковийн авто заводын ажилчидтай хийсэн уулзалтынхаа үеэр онцолсон.

Түүнчлэн ОУОХ-ны гаргасан шийдвэрт ОХУ өөрөө буруутай хэмээн тэрбээр үзэж буй аж. Түүний хэлснээр ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглэсэн гэх хардлага төрүүлж, ОУОХ-д хардлагыг ашиглах боломж олгосон нь ОХУ-ын алдаа байсан аж.

ОУОХ-ны гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-ын шигшээ багийн тамирчид ирэх оны Өвлийн Олимпт оролцохдоо тус байгууллагын нэрийн өмнөөс оролцохоос гадна зөвхөн ОУОХ-ноос урьсан тамирчид л Олимпт оролцох боломжтой юм. ОУОХ ОХУ-ын шигшээ багийн тамирчин тус бүрийн сэргээшийн түүхийг үндэслэн Пёнчаны Өвлийн Олимпт оролцох эрх өгөх бөгөөд уг тамирчдын наадамд оролцох зардлыг мөн даах аж. Одоогийн байдлаар ОХУ-ын 20 гаруй тамирчныг ОУОХ хар жагсаалтдаа оруулаад буй юм.

Дашрамд дурдахад ОХУ-ын шигшээ багийн нийт тамирчид 2018 оны Пёнчаны Өвлийн Олимпт оролцох эсэх энэ сарын 12-ны ОХУ-ын Олимпын хорооны хуралдаанаар эцэслэн шийдэгдэнэ. Хуралдаанд ОХУ-ын Олимпын хорооны тэргүүлэгчид, гишүүд түүнчлэн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *