Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын эсрэг тавьсан хоригоос үүдэж Британид тавилганы үнэ өсчээ DNN.mn

ОХУ Украин руу халдсанаас үүдэлтэйгээр Британи улс ОХУ болон энэ улсыг дэмждэг Беларусийн эсрэг олон хориг тавьсны дотор энэ хоёр орноос мод нийлүүлэхийг хориглосон юм. Ийнхүү мод импортлохыг хориглосны улмаас Британид тавилганы үнэ 17 хувиар өссөн, цаашид ч үнэ өснө гэж үйлдвэрлэгчид үзэж байгаа талаар The Guardian мэдээлжээ.

Британийн Тавилга үйлдвэрлэгчдийн холбооны захирал Шон Холтын өгүүлснээр, үйлдвэрлэгчид өмнө нь материалын үнэ ийм ихээр өсөхийг харж байгаагүй гэнэ. “Энэ нь Их Британи дахь үйлдвэрлэлд асар их дарамт болж байна. Эндээс үүдсэн дарамтыг жижиглэн худалдаачид болон хэрэглэгчидтэйгээ хуваалцан үүрэхээс өөр арга алга” хэмээн тэрбээр The Guardian сонинд ярьсан байна.

Цаашлаад цахилгаан эрчим хүчний үнэ, түлш, ажиллах хүчний өртөг ч нөлөөлөх тул тавилгын үнэ 100 хувь хүртэлх хэмжээгээр ч өсөж болзошгүй гэж тэрбээр онцолжээ.

Британийн Whitemeadow тавилга үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, нэг буйдан үйлдвэрлэх өөрийн өртөг 25 хувиар өссөн гэнэ. Хориг тавьсны дараагаас түүхий эд хомстож, хус модыг гэхэд гуравдугаар сарын үнэтэй харьцуулахад дөрөв дахин өндөр үнээр худалдаж авахаас аргагүй болсон гэнэ.

Энд дуулгахад, Их Британиас гадна Европын холбоо Оросоос мод импортлохыг хориглосон юм. Шинжээчдийн дүгнэснээр, энэ хоригийн улмаас Орос улс Европ руу жилд 4-6 тэрбум долларын ойн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжоо алдах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *