Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өчигдөр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Т.И.Максимовтой ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд уулзаж, хоёр болон гурван талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар аж ахуйн нэгжүүд Европын Холбооны орнуудаас импортоор авч буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх болон Владивостокт худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг урагшлуулах талаар ярилцав.
Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар ярилцаж, эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.