Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монголд айлчилна

shoigu

Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хурлын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын БХЯ, ОХУ-ын Холбооны Цэрэг-техникийн хамтын ажиллагааны алба хамтран гурав дахь дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг эхлүүлэхээр ажиллаж буйг сайшаасан байна.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, энэ оны есдүгээр сард Монгол Улсад ажлын айлчлал хийх сонирхолтой буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Бид өмнө нь Улаан армийн 100 жилийн ойн баярын үеэр уулзсан нь ОХУ, Монголын харилцаа зөв чиглэлд хөгжиж, урьдын адил нөхөрсөг, ах дүүсийн найрамдалт харилцаа хэвээр буйг харуулсан. Таныг Москвад хүрэлцэн ирсэнд баяртай байна. Бидэнд цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд ярилцаж шийдвэрлэх олон ажил бий” хэмээн онцолсон байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсад цэрэг техник, боловсон хүчин бэлтгэхэд туслалцаа үзүүлдэгт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгуд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн Газар ОХУ-тай харилцах харилцаанд үргэлж чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгуг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг уриад, цаашдаа батлан хамгаалахын салбарт хоёр талдаа ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *