Европын холбоо, АНУ ОХУ-ын банкуудыг SWIFT системээс гаргах зөвшилцөлд хүрсэн юм.
Ингэснээр ОХУ-ын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тодорхой хүрээнд хязгаарлаж чадна гэж үзжээ. Учир нь ОХУ байгалийн хий, шатахууны экспортоор дамжуулан SWIFT системтэй холбогддог. Гэвч дээрх шийдвэр ОХУ-тай хамтран ажилладаг, барууны компаниудад сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд Францын Сангийн сайд ОХУ-ыг энэ системээс гаргасан нь хамгийн сүүлд л авах ёстой алхам хэмээн мэдэгдэж байсан юм.
SWIFT систем гэж юу вэ?
Энэ систем мөнгийг хил харгалзахгүйгээр, нэг газраас нөгөөд шилжүүлдэг, олон улсын санхүүгийн дэд бүтэц юм. Англиар “Society for Worldwide Interbank Financial Telecommunication” буюу олон улсын банк хоорондын санхүүгийн харилцааны нэгдэл гэсэн утгаттай.
Эдийн засгийн хоригт өртсөн, оросын бүх банкийг эхний ээлжид дээрх системээс хасна. Европын холбооны комиссын дарга Урсула вон дер Лэйэн “Бид ОХУ-ын Төв банкны хөрөнгүүдийг царцаан, хөдөлгөхгүй болгосноор ОХУ-ыг зогсооно” гэжээ. Ингэснээр Оросын төв банкны хөрөнгийг шилжүүлэх боломжгүйд хүрэх юм.
Мөн Европын холбооны улсууд Путинтэй ойр харилцаатай байдаг, оросын чинээлэг иргэд мөнгөн төлбөр төлж, Европын иргэн болдог байдлыг эргэн харна гэв. Чинээлэг иргэд өөртөө болон гэр бүлдээ оршин суух эрх амархан худалдан авахыг “алтан паспорт” гэж нэрлэдэг юм.