Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ОХУ-д 2000-2018 онд суралцаж, төгссөн нийт соёл, урлагийн ажилтнууд сурсан мэдсэн эрдмээ тайлагнах “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд буюу Оросын Шинжлэх ухаан, спортын төв (РЦНК)-д 18.30 цагт толилуулна.
Манай улс 1990-2004 онд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр оюутан бэлтгэх ажлаа түр зогсоогоод байсан. ОХУ-ын Соёлын яам, тухайн үеийн Монгол Улсын БСШУЯ-тай хамтарсан уулзалт хийснээр 2004 оноос өнөөдрийг хүртэл соёл, урлагийн ажилтан бэлтгэх ажил амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар манай 250 гаруй оюутан, соёл, урлагийн ажилтан ОХУ-д мэргэжил дээшлүүлж, суралцаж төгссөн байна. ОХУ-д драм, кино, циркийн найруулагч, балетмэйстр, бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, уран зураг, киноны зураач, жүжигчин, хөгжимчин, бүжигчин, дуучин, номын сан-мэдээллийн ажилтан, соёлын менежер, арга зүйч зэрэг мэргэжил эзэмшүүлж буй.
ОХУ-д амжилттай суралцаж, төгссөн оюутнууд Монгол Улсын бүхий л театр, чуулга, соёлын сургууль болон хувийн хэвшилд түүчээлэн ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Тэрчлэн гаднын нэр хүндтэй буюу ОХУ-ын Марийнский, Новосибирский дуурь, Пермийн дуурь, бүжиг, Улаан-Үүд хотын дуурь, бүжиг, Хүүхэлдэйн театр зэрэг байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа нь сайшаалтай байна.