Categories
мэдээ улс-төр

ОХУ-д болсон шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэргүүн байр, Б.Пүрэвдорж 5-р байр эзэлжээ

ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн аравдугаар сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ.

ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг найман орны парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн байна.

Тэмцээнд Их мастер цолтон, Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубийн тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн шатарчид оролцжээ.

Парламентын гишүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон гишүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар уулзаж, баяр хүргэсэн байна. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хууль тогтоогчидтой оюуны спортын төрлөөр өрсөлдөж өндөр амжилт гаргасан Та бүхэнд талархал илэрхийлье. Монголын парламентад шатрын спортоор хичээллэгч гишүүд цөөнгүй бий. Цаашид тус тэмцээнд бэлтгэж, тогтмол оролцож байх нь чухал юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *