ОХУ-ын Дорнод цэргийн тойргоос уламжлалт цэргийн сургуулилтаа ирэх сарын 1-нээс 7-нд зохион байгуулах гэж байна. “Дорно 2022” нэрээр болж буй энэ жилийн сургуулилтад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ОДКБ/, ШХАБ-ын гишүүн, хамтын ажиллагаатай Азербайжан, Алжир, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргизстан, БНХАУ, Лаос, Монгол, Никарагуа, Сири, Тажикистан зэрэг улсын нийт 50 000 гаруй бие бүрэлдэхүүн оролцох юм байна.
Сургуулилтад ашиглдах 5000 гаруй техник хэрэглэлийн дотор онгоц 140, байлдааны хөлөг онгоц 60 байгаа аж.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд цэргийн сургуулилтын гол зорилго нь ОХУ болон түүний холбоотон улсуудын цэргийн чадамжийг өсгөж, аюулгүй байдлыг хангах явдал юм байна.
Үндсэн сургуулилт Приморийн хязгаар дахь Сергеевскийн цэргийн сургуулилтын баазад, үлдсэн нь Япон тэнгис, Агнуурын тэнгист болох аж. Сургуулилтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зочилж магадгүй гэж хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлж байна.