Categories
гадаад мэдээ

ОХУ-д бичгээр хариу өгөв

АНУ болон NATO-гийн эрх баригчид ОХУ-ын тавьж буй аюулгүй байдлын шаардлагад бичгээр өгсөн хариуг Москвад суугаа АНУ-ын элчин сайд Жон Салливан ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушкод лхагва гаригт гардуулжээ. Мөн уг хариуны хуулбарыг Украинд өгсөн бөгөөд энэ талаар ерөнхийлөгч Владимир Зеленскийн Ажлын албаны зөвлөх Михиал Подоляк “Энэ бол стратегийн маш зөв алхам” гэж мэдэгдэв. Хариу захидлын агуулгын талаар АНУ-ын тал дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Гэхдээ АНУ тэргүүтэй барууны улсууд ОХУ-аас тавьж буй өөрийн хилд NATO-г тулган өргөжүүлэхгүй гэсэн баталгааг бичгээр авах, NATO-гийн цэргийн хүчийг ЗХУ-ын эвсэлд байсан улсуудаас гаргах, цохилтын пуужингийн системийг Европ тивд байршуулахгүй байх гэсэн шаардлагуудыг хүлээж авах боломжгүй гэдгийг өмнө нь олон удаа илэрхийлж байсан юм. ОХУ-ын зүгээс хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд болон нөлөөллийн бүсэд байсан орнуудтай холбоотой эдгээр гурван санал нь эдгээр улсын саналыг авахгүйгээр асуудлыг АНУ-тай шийдэх гэсэн бусдын эрхийг ноцтой зөрчиж буй явдал билээ. Иймээс АНУ тэргүүтэй NATO-гийн голлох улсууд нэг хүчирхэг улс өөрийн нөлөөллийн бүс тогтоож, энэ бүсэд буй улсуудыг дохио, зангаагаараа удирддаг байсан үе өнгөрсөн.

XXI зуунд аль ч улс асуудлаа өөрсдөө шийддэг болсон гэж тайлбарласаар ирсэн юм. Тиймээс Брюссель хотод NATO-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг “Бид ОХУ-д сөргөлдөөнөө намжаах алхам хийхийг энэхүү бичгээр дахин нэг удаа уриалж байна. Зөрчил, сөргөлдөөнийг дипломат болон яриа хэлэлцээний арга замаар шийдэх ёстой гэдэгт NATO хатуу итгэлтэй байна” гэж мэдэгджээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен шаардлагын хариу өгсний дараа “Энэхүү хариугаар Украины хямралыг дипломат арга замаар шийдвэрлэх чухал сонголтыг Оросын засгийн газарт өгч байгаа” гэдгийг онцлон мэдэгдсэн байна. Украин улс холбоотноо сонгох эрхтэйг Вашингтоны зүгээс Москвад тодорхой илэрхийлснийг тэр бас хэлжээ. “Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон тус улсын аюулгүй байдлаа хэрхэн хангах, хэнтэй түншлэх эрхийг хүндэтгэх зэрэг үндсэн зарчмуудыг тууштай хамгаалахаа бид тодорхой илэрхийлсэн” гэж Блинкен нэмж мэдэгдсэн юм.

Тэрбээр мөн ойрын өдрүүдэд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой АНУ-ын өгсөн хариуны талаар ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ. ОХУ нь NATO-д тавьсан шаардлагаа хүлээн зөвшөөрүүлэхэд шахалт үзүүлэх зорилгоор Украины хилийн орчимд их хэмжээний цэрэг, зэвсэг хуримтлуулаад байгаа багаад өрнөдийн улсууд ОХУ-ыг Украин руу ойрын үед халдан довтлох гэж буйг дахин дахин анхааруулсаар байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров шаардлагын хариуг хүлээж авсны дараа ямар хариу алхам хийхээ шийдвэрлэх тухай Оросын хууль тогтоогчидтой уулзах үеэрээ ярьжээ. “Хэрвээ Өрнөдийнхөн түрэмгий хандлагаа хэвээр үргэлжлүүлбэл Москва зохих хариу арга хэмжээг авах болно. Бид тавьсан шаардлагаа дуусашгүй яриа хэлэлцээгээр мохоохыг зөвшөөрөхгүй” гэж тэр хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, шаардлагын хариуг хүлээх хугацаа хязгаартайг сануулжээ.

Хариу арга хэмжээнд Куба, Венесуэль, Никарагуа улсуудад цэргийн бааз байгуулах асуудал яригдаж байгааг Лавров хүлээн зөвшөөрсөн юм. Түүний хэлснээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээрх гурван улсын удирдагчидтай утсаар ярьж стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тохиролцсон гэнэ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *