ОХУ-ын Пермийн хязгаарын Сарс тосгоны дунд сургуулийн 6-р ангийн сурагч сургууль дотроо гал нээсэн болохыг тус улсын Дотоод хэргийн яамны бүсийн хэлтсээс мэдээлжээ. Азаар, хэн ч бэртэж гэмтээгүй бөгөөд халдлага үйлдсэн сурагчийг саатуулаад байгаа аж.
Дотоод хэргийн яамны мэдэгдэлд “Пермийн хязгаарын Октябрьский дүүргийн цагдаагийн хэлтэс нэгэн насанд хүрээгүй сурагч сургуулийнхаа хана, тааз руу хоёр удаа буудсан гэх дуудлагыг аравдугаар сарын 18-ны 08:00 цагийн орчимд хүлээж авсан. Энэ явдлын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Халдагч өсвөр насны хүүхдийг саатуулсан бөгөөд тэрээр хэрхэн галт зэвсэг олж авсан болон гал нээсэн шалтгааныг нь тогтоож байна” гэж тэмдэглэсэн байна.
Тэгвэл нэгэн албаны эх сурвалжийн мэдээлснээр, уг 12 настай хүү аавынхаа “Сайга” маркийн хагас автомат бууг хулгайлсан бөгөөд өөрийг нь дээрэлхдэг байсан охиныг буудахаар сургууль дээрээ авчирсан гэж ангийнхаа хүүхдүүдэд хэлсэн байжээ.
Ингээд тус сурагч гал нээсний дараа сургуулийн захирал нь түүнтэй ярилцаж тайвшруулан, зэвсгээ өгөхийг ятгаж чадсан гэнэ.
Түүнийг гал нээх үеэр тус сургуульд 300 гаруй хүүхэд, 30 багш байсан гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, буудлагын дараа сурагчид сургуулийн байрнаас зугтан гарсан байна. Ингээд орон нутгийн Онцгой байдлынхан хэргийн газарт яаралтай очсон бөгөөд одоогийн байдлаар тус сургуулийн бүх хичээлийг цуцлаад байгаа аж.
Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа хэдий ч гал нээсэн сурагч эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэж хууль хяналтын байгууллагын эх сурвалж “ТАСС” агентлагт ярьсан байна.
Тэрээр “Сургуульдаа гал нээсэн сурагчид ОХУ-ын Эрүүгийн хуулийн заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Учир нь, эрүүгийн ерөнхий хариуцлага 16 наснаас эхэлдэг бөгөөд онц хүнд гэмт хэргийн хувьд 14 наснаас хариуцлага хүлээлгэдэг. Харин тус сурагч нь дөнгөж 12 настай” хэмээн тайлбарлажээ.