Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцыг оршин суугчдад нь хувьчлахаар болов.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/ хувьчлах бэлтгэл хангаж II улиралд Засгийн газарт танилцуулна. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооллын XVII байр, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр, “Ээрмэл” ХХК, ГЕГ, “Талх чихэр” ХХК-ийн орон сууцыг нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. Иргэд байраа хувьчилж авах хүсэлтээ өнөөг хүртэл удаа дараа гаргаж байсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахаар баримт бичигт гарын үсэг зуржээ.