Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас Монгол Улсыг экспортын махны стандартаа сайжруулахыг сануулав

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн. Экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байсан билээ.

Оны өмнөхөн ОХУ манай улсаас мах импортлохгүй болсон талаарх мэдээлэл тус улсын мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. ОХУ манай улсаас экспортын мах авахаа бүрмөсөн болиогүй бөгөөд шалгалтаар зарим нэг шаардлага тавьж, 10 үйлдвэрийн махны экспортыг түр хугацаанд царцаагаад байгаа талаар албаны хүн мэдээлсэн юм. ОХУ-руу мах экспортлох боломжтой 12 үйлдвэрээс 2 үйлдвэр стандартад тэнцсэн байна. Өнгөрөгч онд нийт 2.6 мянган тонн махыг тамгалсан бөгөөд 11-р сарын 7-нд экспортолжээ. Хэдий оросууд өөрсдөө үйлдвэрүүдэд ажиллаж хяналт тавьж байгаа ч манай дотоодын үйлдвэрүүд цаашдаа савлах, ангилах үйлдвэрийнхээ дутагдлыг засч, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах шаардлагатай байгаа аж.

Махны экспортыг ямар шалтгаанаар зогсоох болсон талаар албаны хүнээс тодруулахад “ОХУ импортолж буй махандаа ариун цэвэр, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зэрэг маш өндөр шаардлага тавьдаг. Тиймээс манай үйлдвэрүүд зарим нэг ахуйн стандартыг нь хангахгүй байна. Тухайлбал, бэлтгэсэн махаа хадгалах, бэлдэх тал дээр шаардлага сайн хангахгүй байгаагаас гадна Орос улс дэлхийн олон орноос экспортын мах авдаг тул тэр хэмжээний стандарт, шаардлагыг тавьж байгаа. Оросын тал үйлдвэр тус бүр дээр илэрч байгаа зөрчлөө арилгаад зургаар баримтжуулан мэргэжлийн хяналтын бичигтэй хүргүүлбэл махны экспортыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа” гэж хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *