Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Охиноо алга болоод хоёр хоносны дараа аав нь таван бөөгийн хамт гэртээ сахиус буулгасан гэв

Түрүүч нь №240(5807)
дугаарт

Охин энэ замаар өдөр бүр хичээлдээ явдаг байлаа.

Замын-Үүдээс “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна.

Замын-Үүд сумаас алга болсон охины хэргийг шалгаж байгаа цагдаа нар мөрдөн шалгах хэд хэдэн томоохон ажиллагаа хийж байна. Тухайлбал, охин алга болдог өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгаж байгаа аж. Замын-Үүдэд арваннэгдүгээр сарын 4-нөөс хойш хоёр улсын хилээр орж, гарсан БНХАУ-ын иргэдийг мөн шалгаж байна. Түүнчлэн сумын төвөөс хэрэг гарсан өдөр болон маргааш нь Дорноговь аймаг, Улаанбаатар хот, бусад хөдөө орон нутгийн чиглэлд гарсан тээврийн хэрэгсэл болгоныг бүртгэлд хамрагдуулж, байршлыг нь тогтоон шалгах ажлыг эрчимжүүлжээ. Үүнээс гадна аав, ээж, эгч нараас нь “Охиныг гэртээ ганцаараа үлдсэн. Бид ажлаар аймгийн төв явж байгаа гэх мэдээллийг ойр дотны болон танилын хүрээний хэн нэгэнд хэлсэн үү” гэдгийг асууж тодруулж, тайлбар авсан байна. Мөн Замын-Үүд суманд амьдарч байгаа, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийн судалгааг гаргаж, хэрэг гарах үед хаана байсан гэдгийг шалгаж тогтоох ажиллагаа хийгджээ.

Д.Сэржмядаг охин алга болсон газар буюу Замын-Үүд сумын II хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн шонхор” гудамжинд амьдардаг 30 гаруй залуусыг дээрх хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлснийг эх сурвалж дурдлаа. Тус газарт амьдралын түвшин доогуур, архи согтууруулах ундааны зүйлс байнга хэрэглэдэг айл өрх олон байдаг гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Мөн сумын төвийн баруун хэсгээр дандаа болж бүтэхгүй хүмүүс байнга цуглардаг гэнэ. Тэр дундаа “Мөнгөн шонхор” гэр хорооллын гудамжинд шинээр буусан айл өрхүүд хашаа барилгүйгээр задгай газарт гэрээ барьчихдаг байна. Иймд цагдаа нар Д.Дашдуламын гэрийн ойролцоо амьдардаг, болж бүтэхгүй амьдралтай гэх хүмүүсээс “Хэрэг гарах үед юу хийж байсан. Ямар нэгэн газар руу явсан эсэх”-ийг тодруулж эхэлсэн гэв.

Түүнчлэн Эрээн хотод суугаа манай улсын Бүрэн Эрхэт консулын газар, Хятадын цагдаа, манай улсын хилийн тагнуулын алба хаагчид охиныг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ мэт хэд хэдэн томоохон ажиллагаа хийгдэж, хэргийг мөрдөн шалгах үйл явц үргэлжилж байна. Одоогоор хэн нэгнийг цагдаа нар барьж хориогүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээгүй байна. “Хэргийн цар хүрээ хумигдах үеэр сэжигтэй хэн нэгэн гарч ирэх байх” хэмээн цагдаа нар таамаглаж байгааг эх сурвалж онцолж байсан юм.

500 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОХИНЫГ ХАЙСНААРТАКТИКИЙН МАШ ТОМАЛДАА ГАРГАСАН

“Охиныг 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Замын-Үүд сумыг нэгжсэн нь тактикийн алдаа болсон. Мөн охиныг эрэн хайх ажиллагааны үеэр хулгайн гэмт хэрэг гарч, хэд хэдэн хүнээс гомдол ирсэн” талаар нэгэн эх сурвалж бидэнтэй уулзаж цөөн асуултад хариулт өглөө. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-Охиныг алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажлыг Замын-Үүд даяар эхлүүлсэн гэсэн. энэ нь хэрэг илрүүлэх ажиллагаанд саад болж байна гэж та үзэж байгаа гэсэн?

-Үнэхээр тактикийн алдаа гаргасан. Хууль хяналтын байгууллагын алба хаагчид энэ хэрэгт хэтэрхий сэтгэл хөөрлөөр хандчихлаа. Энэ талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болно. Охин алга болох үеэр Дорноговь аймагт “Иргэний хамгаалалт” улсын үзлэг болж таарсан. Замын-Үүд сумын төрийн болон бусад бүх компанийн ажилтнууд бэлэн байдалд ажиллаж таарсан. Охин алга болчихлоо гэх мэдээлэл ирсэн.

Ингээд л хүн бүрт найман настай охин алга болчихлоо гэсэн мэдээллийг тараасан. Ингэхдээ янз бүрийн ноцтой худал мэдээлэл ч хамт тарсан байдаг. Бэлэн байдалд байгаа хүмүүсийг охиныг эрэн хайх ажиллагаанд оролцуулсан. 500 гаруй хүн Замын-Үүдийн айл болгоноор орж, бүх амбаар сав, байшинг нь шалгасан. 70 гаруй машин сумын төвөөр холхилдож, эмх замбараагүй байдал үүссэн. Эрлийн багт ажилласан 500 гаруй хүнтэй бүрэлдэхүүнд фэйсбүүкээр нэгдсэн, өөрсдөө сайн дураараа ирцгээсэн олон хүн байсан.

Өөрөөр хэлбэл, энэ олон туршлагагүй хүнийг мэргэжлийн баг удирдаж чадаагүй. Хэн дуртай нь хаашаа ч хамаагүй яваад дуртай айлаа шалгаад эхэлсэн. Ямар нэгэн эмх цэгцтэй, дэс дараалалтай хяналт шалгалт огт хийгдээгүй. 500 гаруй хүн айл болгоныг шалгасан. Нэг айлд 4-5 удаа орсон тохиолдол байгаа. Төөрсөн хүнийг л ингэж олон хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгадаг биз дээ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг мэргэжлийн бус хүмүүсээр шалгуулах нь мэргэжлийн хувьд тактикийн маш том алдаа. Охиныг ямар нэгэн гэмт хэргийн шинжтэйгээр хүн аваад явсан бол өөрийнхөө хийсэн үйлдлийг нуун дарагдуулах, нууц байдалд шууд шилжих юм. Гэмт хэргийн шинжтэйгээр алга болсон хэргийг сум даяар мэдээлэл, дуулиан шуугиантайгаар хайж болохгүй. Маш нууц ажиллагаагаар илрүүлдэг. Хэний ч мэдэх энэ тактикийн ажиллагааг Замын-Үүдийн хууль хяналтын байгууллага ноцтой зөрчсөн. Өөр нэг ноцтой асуудал гарсан.

-Ямар асуудал гарсан юм бэ?

-Эрлийн багт ажилласан 500 гаруй хүн дунд хулгайч нар явж байсан юм шиг байна лээ. Үүнээс болоод манай гэрээс эд зүйлс алга болсон гэх хэд хэдэн гомдол сумын цагдаад ирсэн байна лээ. Иргэнээс ирсэн гомдлын дагуу хулгайн хэргийг шалгаж байна. Одоогоор алдагдсан гэх эд зүйлсийг олж чадаагүй байгаа. Мөн прокурорын зөвшөөрөлгүйгээр айлын хаалга эвдэж, гэрт нь орсон гэх гомдол ирээд байна. Охины ар гэрийнхэн энэ айлд охин байж магадгүй. Бид энэ айлын хүнийг сэжиглэж байна гэж цагдаа нарт удаа дараа шаардлага тавьсан байдаг.

Нөгөө айлын хүмүүс тухайн үед гэртээ байгаагүй. Ингээд гэрийн эздийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр шууд гэрийнх нь хаалгыг эвдээд орчихсон тохиолдол гарсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Эзнийх нь зөвшөөрлийг авч, прокурорын зөвшөөрөлтэйгөөр тухайн айлын гэрт нэвтэрч, үзлэг мөрдлөг хийнэ гээд хуулиндаа заачихсан байдаг. Үүнийг зөрчсөн гээд олон айл гомдол мэдүүлээд байгаа. Замын-Үүд суманд байнга амьдардаггүй, хашаа байшин нь эзгүй байдаг айл олон бий. Айлуудын эзэдтэй холбогдож гэрт нь үзлэг хийх ажлыг үргэлжлүүлж байгаа гэв.

ОХИНЫ ААВ Д.ДАШДУЛАМ БӨӨ ГЭНЭ

Сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины аав Д.Дашдулам, ээж Б.Хоролмаа нар энэ сарын 7-ны өдөр сумын төвөөс 30 гаруй километрийн зайд орших Хонгорын овоо гэх газар руу явсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байсан юм. Харин өчигдөр аймгийн төвийн ойролцоох малчдаар сумын төлөөлөгчийн хамт явж охиноо хайсан байна.

Д.Дашдулам, Б.Хоролмаа нар арван жилийн өмнө танилцаж, гэр бүл болсон байна.Охины аав Д.Дашдулам арван жилийн өмнө Замын-Үүд суманд ирж суурьшсан нэгэн гэнэ. Увс аймагт төрж, өссөн хүн юм байна. Замын-Үүд суманд ирэхээсээ өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад амьдарч байжээ. Харин Б.Хоролмаа өмнө нь өөр хүнтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон аж. Өөрөөр хэлбэл, алга болсон охины хоёр эгч нь өөр аавтай гэв. Харин Д.Сэржмядаг болон эрэгтэй дүү нь Д.Дашдуламын төрсөн хүүхдүүд гэнэ. Д.Дашдулам хэдэн жилийн өмнө бөө болж, онгод сахиусаа авсан гэдгийг ойр дотны хүмүүс нь хэлж байв. Цагаан болон харын талын хоёр сахиустай. Гэхдээ олон хүн үзэж харж, засал хийдэггүй. Эхнэр Б.Хоролмаа нь бөөгийн түшээ буюу хэлмэрч хийдэг гэх. Охин нь алга болоод хоёр хоносны дараа Замын-Үүд суманд амьдардаг таван бөөгийн хамт гэртээ сахиусаа буулгасан байна.

Гэхдээ охиноо хаана байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй аж. Д.Дашдуламын ойр хавийн хүмүүс охины ар гэрийнхэн ямар нэгэн гэр бүлийн маргаан хийдэггүй, архи, дарс ууж, цагдаа сэргийлэх болдоггүй, төлөв түвшин айл гэдгийг хэлж байв. Мөн хүүхдүүд нь ч сахилга баттай, бусдыг хүндэлдэг, хичээл номондоо сайн, сайн хүүхдүүд гэцгээж байлаа.

Д.ЭНХ-УНДРАА: ДҮҮ МИНЬ АМЬД Л БАЙГААСАЙ

Охины гэрээс сургууль ороход хоёр километр зайтай. Гэрийнхээ гудамжаар 300 гаруй метр яваад элстэй тал газраар хэсэг алхаад, дараа нь Замын-Үүд сумын баруун талд байх Оршуулгын газрын хажуугаар гарч хэсэг явдаг юм байна. Ингээд Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас хэдэн жилийн өмнө модны суулгац тарьсан төмөр сараалжин хашаан дундуур явсаар сургуулийнхаа хажууд ирдэг ажээ. Бид охины сургуульдаа явдаг замаар явсаар гэрт нь очлоо. Биднийг очих үед гэрт нь хоёр эгч нь байж таарсан юм. Д.Сэржмядаг охины том эгч Д.Энх-Ундраатай уулзлаа. Нүдээ хавдтал уйлж, нүд, хацар нь нулимсандаа цэлхэрсэн охин “Дүүгээ алга болсон гэдгийг сонсоод хотоос шууд ирсэн. Хэдэн өдөр хайж байна. Дүүгээ амьд, эсэн мэнд олдоосой гэж маш их хүсч байна. Хэн нэгэн хүн хуурч мэхлэн авч яваад энд тэнд хаячихсан юм биш байгаа гээд л ах, дүү хамаатан садан, найз нөхөдтэйгөө хайж байгаа.

Цагдаа нар улс даяар эрэн сурвалжилж байгаа гэсэн. Урьд шөнө гэхэд замын пост, хулгайн замын тэр хавиар явсан. Сэжигтэй байж магадгүй гэсэн машин болгоны дугаарыг бичиж авч тэмдэглэл хийсэн. Цагдаа нарт хэрэг болж магадгүй гээд л өөрсдийнхөө зүгээс хийж чадах зүйлсээр тусалж байгаа минь энэ. Гэсэн ч наймхан настай, ээжийнхээ өврөөс ч гараагүй нялх дүү минь алга болоод долоо хоночихлоо шүү дээ. Хүн аваад явсан нь тодорхой болчихлоо гэж үзэж байна. Түүнээс миний дүү өөрийнхөө дураар хаа хамаагүй явах хүүхэд биш гэдгийг сайн мэднэ. Би дүүгээ эсэн мэнд амьд олдоосой гэж л хүсч байгаа. Өөр надад хэлэх зүйл алга байна. Манай гэр бүлийн гишүүд маш хүнд хэцүү байдалтай байна. Аав, ээж хоёрт маш хэцүү байгаа. Дээрээс нь шүүмжилж хэлэх зүйлс байна. Цагдаа нар дүүг минь олох гэж ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ өчигдөр би цагдаагийн пост хавиар шөнөжин машинтай нааш цааш холхиж хоносон. Цагдаа нар нэг ч машин зогсоож шалгаагүй гэдгийг хэлмээр байна. Та бүхэн яагаад замаар явж байгаа машиныг шалгахгүй байгаа юм бэ гэхээр бид алсаас ажиглаж байгаа гэсэн зүйлс яриад байна. Мөн Замын-Үүд суманд маш олон камер байгаа гээд яриад байсан. Тэгсэн ердөө хэдхэн камер ажиллаж байна.

Бусад нь дандаа ажиллахгүй байгаа. Ажиллаж байгаа камерууд нь дүрсний нягтаршил огт байхгүй. Хэн явж байгааг танихгүй тийм л муу камер байх юм. Миний дүүгийн сурдаг сургуулийн гадна талын камер гэхэд маш муу юм байна лээ. Ямар хүүхэд сургуулийн хашаагаар ороод ирж байгааг харахад маш их хэцүү байсан. Замын-Үүд сум хилийн бүс нутаг болохоор олон мянган хүн холхиж байдаг хөлийн газар. Тэгэхэд ийм л ажилладаггүй камертай сууцгааж байна. Хэрэв камержуулалт сайтай байвал дүүг минь ямар хүн аваад явж байгааг тогтоох бүрэн боломжтой байсан гэж бодогдож байна” гэв.

“Д.СЭРЖМЯДАГ МАНАЙ АНГИЙН ХАМГИЙН САЙН СУРЛАГАТАЙ ХҮҮХЭД”

Д.Сэржмядаг охины ангийнх нь хүүхдүүдтэй уулзлаа. Охин ангийнхаа гарын таван хуруунд багтах хүүхдүүдтэй найз байжээ. Гэрийнхээ ойр амьдардаг Оюунтуяа гэх охинтой бүр ч дотно найзууд аж. Ангийнх нь хүүхдүүдийн хэлж байгаагаар Д.Сэржмядаг ангийнхаа тэргүүний сурагч гэнэ. Сургуулийнхаа “Бид амжилтад хүрч чадлаа” буланд зураг нь байнга гардаг аж. Ангийнхаа тооны аварга болж, математикийн олимпиадад байнга ордог байна. Мөн анги болон сургуулийнхаа цэвэр бичгийн хэдэн удаагийн аварга болсон байна. Түүнчлэн түргэн уншлагын тэргүүний сурагч гэдгийг хэлж байв. Өнгөрсөн жилээс эхлэн үлгэрийн ном том эгчдээ захиж, уншдаг болжээ. Гэртээ байнга ном уншиж суудаг. Бүр Орос хэлний номноос урт шүлгүүдийг гэртээ цээжилж, найзууддаа уншиж өгдөг байсан аж.

Гэхдээ ангийнхантайгаа нийлж, тоглож үймүүлж гүйгээд байдаггүй. Их даруухан хүүхэд гэдгийг ангийнх нь хүүхдүүд хэлж байсан. Мөн “Хоолой өвдөөд халуурчихсан байгаа. Хичээлээ таслахгүй гээд гэрийнхнийхээ үгнээс зөрөөд хүрээд ирлээ” гэж найзууддаа нэг бус удаа ярьж байсан гэнэ. Д.Сэржмядаг хичээлээ тараад дүүгийнхээ цэцэрлэг рүү явдаг. Тэнд арванхоёрдугаар ангийн эгч нь дүүг нь аваад хүлээж байдаг аж. Тэндээсээ гурвуулаа гэр рүүгээ явдаг байжээ. Үүнээс гадна найзууд нь “Алга болохынхоо өмнөх өдөр сэтгэл санаагаар унасан зүйл ажиглагдаагүй” гэж байлаа.

“ӨДРИЙН СОНИН”-Ы СУРВАЛЖЛАХ БАГ

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *