Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Охидын хүч-Нийгмийн өөрчлөлт” мянган охидын уулзалт боллоо

“Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Гүнж” төв, “Долоон гарагийн тэмдэглэл” номын зохиолч Ү.Оюунзултай хамтран “Охидын хүч-нийгмийн өөрчлөлт” 1000 охидын уулзалт, арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Арга хэмжээнд “Манлайлагч залуу эмэгтэйчүүд” зочноор оролцов. Охид “Манлайлагч залуу эмэгтэйчүүд”-ийн хүчирхэг түүхээс сонсож, түүнээс суралцах, урам зориг авах, хүсэл мөрөөдөлдөө хүрэх жигүүрийг олж авч байгаагаараа онцлог байв. Мөн охид өөрсдийн сонирхсон асуултыг чөлөөтэй асууж, халуун дулаан ярилцлага өрнүүлсэн юм. Түүнчлэн уулзалтын үеэр сэтгэл зүйн, эрүүл мэнд, гоо сайхан, нийгмийн оролцооны гэх мэт “Охидын зогсоол”-ууд ажиллаж хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл өгч байлаа.

“Охидын хүч- Нийгмийн өөрчлөлт” уулзалтад Нийслэлийн гучин ес нь сургууль, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн охидын төлөөлөл оролцлоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, зорилтод бүлгийн охид оролцсоноороо илүү өргөн хүрээг хамарч байгаа нь харагдаж байлаа.

Дашрамд сонирхуулахад уулзалтад оролцож буй охид зохиолч Ү.Оюунзулын “Долоон гаригийн тэмдэглэл” номыг бэлэглэв.

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *