Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс болон Дорнод Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
2020 оны наймдугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-110 см-аар нэмэгдээд байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хангай нурууны арын Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-110 см нэмэгдэж, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Бэлтэс, Тэрэлж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см даван үерлэж, Ховд, Онон, Балж, Сөгнөгөр голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.